Британийн алдарт дуучин, “Грэмми”-ийн шагналт Харри Стайлс (Harry Styles) даваа гарагт (10-р сарын 26) “Coming Up Roses” нэртэй шинэ дууныхаа клипийг цацлаа.

Тэрбээр уг клипэндээ жирэмсэн зөөгч бүсгүй, хүзүүний бэхэлгээтэй эрэгтэй, жийнсэн хувцастай ковбой зэрэг өөр өөр сонирхолтой дүрүүдтэй хамт бүжгийн танхимд шинэ хөдөлгөөнүүд сурч буйгаар гардаг байна. Дүрс бичлэгийн эхэнд Стайлс бүжгийн ангийнхантайгаа суулт хийн биеэ халааж, улмаар хуримын даашинзтай эмэгтэй болон хослолтой эрэгтэйтэй эв хавгүй бүжиглэж байгаа нь харагдана. Түүнчлэн ангийн багш нь шувууны хөдөлгөөнийг шингээсэн бие даасан бүжиг үзүүлдэг бөгөөд хичээл тарсны дараа Стайлс жигнэмэг идэж, хамт суралцсан шинэ найзуудтайгаа дурсгалын зураг татуулснаар клип өндөрлөдөг.

Энэхүү уран бүтээл нь түүний Billboard 200 жагсаалтыг тэргүүлсэн “Kiss All the Time. Disco, Occasionally” цомгоос клиптэй болж буй дөрөв дэх дуу юм. Үүнээс өмнө тус цомгийн Billboard Hot 100 чартыг тэргүүлсэн “Aperture” болон “American Girls”, “Dance No More” дуунууд дүрсжүүлэгдээд байжээ.