Поп од Харри Стайлс Нью-Йорк хотын алдарт Madison Square Garden (MSG) ордонд зохион байгуулсан “Together, Together” нэртэй 30 цуврал тоглолтоо өндөрлүүлж, шүтэн бишрэгчдэдээ мартагдашгүй үдшийг бэлэглэлээ. Бямба гарагт (10-р сарын 31) болсон хоёр дахь үдшийн “Harryween” тоглолтын үеэр 32 настай дуучин Нью-Йоркийн цахим ертөнцөд алдаршсан “Пицца харх” (Pizza Rat)-ын дүрээр хувцаслажээ.
Тэрээр ягаан том чих, урт сүүлтэй, үслэг хүрэн өмсгөл өмсөж, хар шил зүүн, хөөсөнцөрөөр хийсэн аварга том зүсэм пицца барьж тайзнаа гарсан байна. Энэхүү өмсгөл нь 2015 онд метроны шатаар зүсэм пицца чирч буй хархны бичлэг цахим орчинд хүчтэй тархаж байсныг илэрхийлсэн бололтой байв. Харин түүний хамтлагийн гишүүд халуун нохой (hot dog), такси зэрэг Нью-Йорк хотыг төлөөлөх бусад дүрүүдийг сонгон хувцаслажээ.
Тоглолтын үеэр Madison Square Garden ордон дуучинд хүндэтгэл үзүүлж, дурсгалын тугийг ордны таазанд залсан байна. Тус тугийг New York Knicks багийн ахлагч, 2026 оны NBA-ийн шигшээ тоглолтын үнэ цэнтэй тоглогч (MVP) Жэйлен Брансон дуучинд гардуулжээ. Мөн MSG-ийн зургаадугаар давхарт Стайлсын 10 долоо хоногийн тоглолтын дурсгалын зүйлсийг багтаасан “Defining Moments” нэртэй шинэ үзэсгэлэнг дэлгэсэн байна.
Өмнөх үдэш буюу Баасан гарагт (10-р сарын 30) болсон тоглолтоо тэрээр Элвис Преслигийн дүрээр эхлүүлж, дараа нь 2010 онд “X Factor” шоуны сонгон шалгаруулалтад өмсөж байсан хувцсаа өмсөн, Стиви Уандерын “Isn’t She Lovely” дууг дуулжээ.
Түүний Madison Square Garden дахь тоглолтууд нь Billboard 200 болон Их Британийн цомгийн чартыг тэргүүлсэн “Kiss All the Time. Disco, Occasionally.” нэртэй дөрөв дэх бие даасан цомгийг дэмжих хүрээнд явагдсан юм. Стайлсын “Together, Together” аялан тоглолт 2027 оны 8-р сар хүртэл үргэлжлэх бөгөөд Хойд Америк болон Европын хотуудаар аялан, 8-р сарын 28-нд Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд өндөрлөнө.