Их Британийн нэрт дуучин Харри Стайлс өөрийн “Together, Together” аялан тоглолтоо 2027 онд үргэлжлүүлэн толилуулах гэж буйг шүтэн бишрэгчдэдээ илгээсэн цахим захидалдаа дурджээ. Тэрбээр уг захидлаа есдүгээр сарын 9-ний лхагва гаргийн үдэш илгээсэн бөгөөд үнэнч сонсогчиддоо хамгийн түрүүнд энэхүү мэдээг хүргэхийг хүссэн байна.
Стайлс уг захидалдаа өмнө нь Амстердам, Лондон, Сан-Паулу, Мехико хотуудад болон одоо Нью-Йоркийн “Madison Square Garden”-д болж буй тоглолтуудад хүрэлцэн ирсэн бүх үзэгчдэдээ талархал илэрхийлжээ. Тэрбээр “Бид 2026 оны аялан тоглолтыг хийхээр шийдэхдээ онцгой болно гэж мэдэж байсан ч та бүхний бий болгосон уур амьсгал миний төсөөлснөөс хол давсан” хэмээн онцолсон байна.
Түүнчлэн пүрэв гарагт зарлагдах 2027 оны товууд нь “Together, Together” аяллын хамгийн сүүлчийн хотууд байх болно гэдгийг дуучин тодотгожээ. Тэрбээр “Маргаашийн зарлал Together, Together аяллын сүүлчийн хотууд байх болно. Үүний дараа надад юу тохиолдохыг би мэдэхгүй ч шинэ зүйлсийг олж мэдэхдээ баяртай байна” гэж бичсэн байна.
Стайлс одоо үргэлжилж буй “Madison Square Garden”-ий тоглолтоо аравдугаар сарын 31-ний Halloween-ий өдөр дуусгах юм. Үүний дараа тэрбээр 2026 ондоо багтаан Австралийн Мельбурн, Сидней хотуудад нийт зургаан тоглолт хийх хуваарьтай байгаа бөгөөд үүний дараа хараахан зарлагдаагүй байгаа байршлуудад 2027 онд зочлон тоглохоор төлөвлөжээ.