Хиймэл оюун ухааны (AI) хамгийн том эрсдэл нь хүн төрөлхтний сүйрэл мөн үү гэдэг асуултад HRF-ийн (Human Rights Foundation) Стратеги хариуцсан захирал Алекс Гладштейн үгүй гэж хариулжээ. Түүний үзэж буйгаар, AI-ийн бодит аюул занал нь дарангуйлагчид, засгийн газрууд болон цөөн хэдэн томоохон корпорацуудын гарт энэхүү технологи төвлөрөх явдал юм.

Алекс Гладштейн Bitcoin Magazine-д өгсөн ярилцлагадаа “хиймэл оюун ухаан биднийг бүгдийг нь устгана” гэх мэдэгдлүүд нь ихээхэн хэмжээгээр суртал ухуулга чанартай болохыг тайлбарласан байна. Харин үүний оронд хувь хүн өөрийн зөөврийн компьютер эсвэл гар утсан дээрээ локал (local) хиймэл оюун ухаан ажиллуулах нь хүний эрхийн төлөөх тэмцэлд асар том давуу тал авчирч болзошгүй гэж тэрээр онцолжээ.

Хиймэл оюун ухаан ба эрх чөлөөний технологи

Тэрээр хувь хэрэглэгчийн хяналтад байх хиймэл оюун ухааны ирээдүйн талаарх төсөөллөө хуваалцахдаа, байгууллагын AI-ийн эсрэг эрх чөлөөний AI, нээлттэй жин (open weights), шифрлэгдсэн дүгнэлт (encrypted inference) зэрэг технологийн шийдлүүдийг дурдсан байна. Мөн HRF байгууллага хүний эрхийн идэвхтнүүдэд хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах талаар сургалт явуулдаг төдийгүй Bitcoin Park-тай хамтран хакатон зохион байгуулдаг ажээ.

Түүнчлэн Гладштейн төв банкны дижитал валют (CBDC) нь дарангуйллын хэрэгсэл болдог шалтгаан, Биткойныг эрх чөлөөний санхүү болгон ашиглах жишээ болох Кени болон Венесуэл дэх нөхцөл байдал, өөрийн гэсэн эрх чөлөөний технологийг AI төлөөлөгчдөөр (AI agents) бүтээх боломжуудын талаар ярилцлагадаа хөнджээ.