Хиймэл оюуны агентууд цахим сүлжээний хамгаалалтын сорилтуудыг (CAPTCHA) төвөггүй давдаг болсон энэ үед хувийн нууцыг хамгаалах чиглэлээр ажилладаг Solo компани хүн баталгаажуулах системээ JellyJelly аппликэйшнд нэвтрүүлж байна. JellyJelly нь Solana блокчэйн сүлжээнд суурилсан, богино хэмжээний бичлэг хуваалцах болон крипто төлбөр илгээх боломжтой нийгмийн сүлжээ бөгөөд төлбөрийн алдарт Venmo үйлчилгээг хамтран үүсгэн байгуулагч Икрам Магдон-Исмайлын (Iqram Magdon-Ismail) хамтран байгуулсан платформ юм.

Энэхүү интеграцчилал хийгдсэнээр JellyJelly платформын бүртгэл бүр бодит бөгөөд давхардаагүй нэг хүнд харьяалагдаж буйг иргэний үнэмлэх, бичиг баримт нэхэхгүйгээр, мөн ямар нэгэн оньсого таалгахгүйгээр баталгаажуулах боломж бүрдэж байна. JellyJelly-ийн гүйцэтгэх захирал бөгөөд Solo-ийн зөвлөх Икрам Магдон-Исмайл уг SDK системийн архитектур болон хэрэглэгчийг бүртгэх бүтцийг хамтран боловсруулжээ.

Хиймэл оюун CAPTCHA-г давж буй нь

Solo-ийн хийсэн туршилтаар “Гэри” (Gary) нэртэй хиймэл оюуны агент нэг шөнийн дотор Discord-ийн 50 гаруй серверт нэвтэрч, 500 гаруй зурвас илгээсэн байна. Туршилтын явцад түүнийг хэн ч хиймэл оюун гэж таниагүй бөгөөд уг агент нь ердийн хайлт, товшилт хийх замаар CAPTCHA сорилтуудыг даван, үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч чаджээ.

Solo-ийн гүйцэтгэх захирал Эдисон Сиугийн (Edison Siu) тайлбарласнаар, CAPTCHA нь анхнаасаа хүн хийж чадах зүйлийг бот хийж чадахгүй гэсэн зарчим дээр тулгуурласан ч орчин үеийн хиймэл оюун үүнийг хялбархан гүйцэтгэдэг болжээ. Иймээс тэд сорилт таалгах биш, харин хэрэглэгчийг шууд баталгаажуулах арга барилыг сонгосон байна.

Биометрик мэдээллийн нууцлал ба санхүүжилт

Уг технологи нь ухаалаг утасны энгийн камераар нүүрний скан хийж, түүнийг биометрик өгөгдөл болгон төхөөрөмж дээр нь бүрэн гомоморф шифрлэлт (FHE) ашиглан кодчилдог. Энэхүү арга нь өгөгдлийг тайлахгүйгээр харьцуулалт хийх боломжийг олгодог тул хэрэглэгчийн бодит нүүрний зураг хадгалагддаггүй бөгөөд систем зөвхөн баталгаажуулалтын хариуг л хүлээн авдаг байна.

Энэхүү шийдлийг тоглоомын платформууд болон төлбөрийн үйлчилгээнд давхар бүртгэлийг хаах, ботуудыг хязгаарлах зорилгоор ашиглах боломжтой. Solo компани нь 2025 оны 3-р сард Тим Дрейперийн үүсгэн байгуулсан Draper Associates-аас 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан бөгөөд Solana Incubator-ийн 5 дахь хөтөлбөрт шалгарч байжээ. Solo-ийн хүнийг баталгаажуулах технологи нь одоогоор аль хэдийн ажиллаж байна.