Хип хоп хөгжмийн ертөнцөд томоохон нөлөө үзүүлсэн нэрт продюсер Тэй Кит (Tay Keith) амьд сэрүүн байсан бол 30 нас хүрэх байсан билээ. Түүний төрсөн өдөртэй холбогдуулан төрөлх Мемфис хотын зүгээс гэр бүлд нь хотын түлхүүрийг гардуулж, албан ёсны тусгай өдөртэй болгон алдаршууллаа.
Мемфис хотын дарга Пол Янг ёслолын үеэр продюсерын гэр бүлд хотын түлхүүрийг гардуулсан бөгөөд цаашид түүний төрсөн өдөр буюу есдүгээр сарын 20-ныг албан ёсоор “Тэй Китийн өдөр” болгон тэмдэглэхээр болсныг зарласан байна.
Үүнээс гадна түүний өвийг хойч үедээ өвлүүлэх зорилгоор хотын төв номын сантай хамтран “Tay Keith Music Lab” нэртэй хөгжмийн лабораторийг байгуулжээ. Энэхүү орон зайд залуу уран бүтээлчид, продюсерүүдэд зориулсан битмейкинг сургалтууд явагдах бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан байна.
Тэй Кит нь өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд 29 насандаа Нашвилл дахь байрандаа таалал төгссөн байдалтай олдсон бөгөөд цагдаагийн газраас гадны нөлөөгүй гэж мэдээлсэн юм.
Тэрээр Грэмми шагналд хоёр удаа нэр дэвшиж, Billboard Hot 100 жагсаалтын эхний аравт 11 дуугаа багтааж байснаас гадна Трэвис Скоттын “Sicko Mode”, Дрейк болон Ж. Коулын хамтарсан “First Person Shooter” зэрэг нийт дөрвөн дуу нь жагсаалтыг тэргүүлж байв. Мөн тэрээр Бейонсе, Секси Ред, Кий Глок зэрэг олон алдартай уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байжээ.