АНУ-ын Холбооны мөрдөх товчооны (FBI) ажилтан асан Патрик Стивен Ярох нь өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж, нэг сая долларын үнэ бүхий криптовалютыг хувьдаа завшсан хэргээр шалгагдаж байна. Виржиниа мужийн дүүргийн шүүхэд ирүүлсэн баримт бичгүүдээс үзэхэд, тус товчооны сөрөг тагнуулын хэлтэст ажилладаг байсан тэрээр “дайсагнасан улс орнуудын” криптовалютын дансуудыг хууль ёсны дагуу хаахгүй байгаад бухимдаж, асуудлыг өөрөө шийдэхээр шийдсэн гэж мэдүүлжээ.
Шүүхийн баримтад дурдсанаар, Ярох нь FBI-ийн системд нэвтэрч, мөнгө шилжүүлэхэд шаардлагатай түлхүүрүүдийг олж авсан байна. Ингэснээр тэрээр 925,426.07 долларын криптовалютыг өөрийн хувийн түрийвч рүү олон удаагийн гүйлгээгээр шилжүүлжээ. Тэрээр эдгээр хөрөнгийн дийлэнх хэсгийг тогтвортой ханштай криптовалют буюу стейблкойн хэлбэрээр хадгалж байсан бол Kraken дансандаа бага хэмжээний биткойн эзэмшиж байсан нь тогтоогдсон байна.
Гэм буруугаа хүлээсэн нь
Ярох нь Португалд очиж амьдрах төлөвлөгөөгөө ChatGPT ашиглан судалж байсан нь баримтаар илэрчээ. Гэвч удалгүй тэрээр Хууль зүйн яамны ажилтанд хандан өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр “криптовалютын түрийвчтэй холбоотой маш муу шийдвэрүүд гаргасан” хэмээн мэдэгджээ.
Шүүхээс гаргасан баримтад түүнийг улсын хамгийн нууц мэдээлэлд хүрэх эрхтэй байсан ч түүнийгээ хувийн ашиг хонжоо олох зорилгоор буруугаар ашигласан гэж онцолсон байна. Одоогоор Ярох хоёр гэмт хэрэгт буруутгагдаад байгаа бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол тус бүр 10 жилийн хорих ял авах боломжтой юм. Тэрээр долдугаар сарын 31-ний өдөр FBI-аас халагдсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.