АНУ-ын Холбооны мөрдөх товчооны (FBI) захирал Каш Пател хөрөнгө оруулалтынхаа талаарх мэдээллийг хуульд заасан хугацаанд тайлагнаагүй болох нь тодорхой боллоо. Энэ талаар улс төрийн бус, хараат бус мэдээллийн NOTUS агентлаг анхлан мэдээлсэн байна.
Тодруулбал, Каш Пател нь биткойны нөөцөөрөө алдартай, технологийн болон хөрөнгө оруулалтын MicroStrategy (MSTR) компанийн хувьцааг их хэмжээгээр худалдан авчээ. Энэхүү хөрөнгө оруулалт нь зургаан оронтой тоонд хүрэхүйц хэмжээтэй байсан гэх мэдээлэл байна. Гэвч тэрээр энэхүү санхүүгийн гүйлгээгээ албан ёсны тайландаа цаг тухайд нь тусгаагүй аж.
Төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдийн эзэмшиж буй хөрөнгө болон хувьцааны арилжааг ил тод тайлагнах үүрэгтэй байдаг. Одоогоор энэхүү асуудалтай холбоотойгоор Каш Пател ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. MSTR компани нь биткойныг их хэмжээгээр эзэмшдэг гэдгээрээ хөрөнгө оруулагчдын дунд танигдсан бөгөөд тус компанийн хувьцаа нь криптовалютын зах зээлтэй нягт холбоотой хөдөлдөг онцлогтой юм.