АНУ-ын коллежийн хөлбөмбөгийн хүрээнд Техас муж улсын их сургуулийн баг Ohio State-ийг 24-23 харьцаагаар буулган авсан тоглолтын дараа нэгэн томоохон маргаан дэгдлээ.
Тоглолтын дараахан ESPN-ий сурвалжлагч Холли Роу (Holly Rowe) тус багийн ахлах дасгалжуулагч Стив Саркисян-аас шууд ярилцлага авахаар эхлүүлсэн ч дасгалжуулагч түүний яриаг таслан баярлан хашхирч, багаа дэмжсэн дохио үзүүлээд цааш явсан юм. Уг үйл явдлын дараа Роу дургүйцсэн харагдсан бөгөөд Техасын зүгээс ESPN-ийн техникийн саатал дасгалжуулагчийн уг үйлдэлд нөлөөлсөн гэж тайлбарласан байна.
Гэвч энэ үйл явдлыг олон нийт, тэр дундаа спортын нэвтрүүлэгч Стивен А. Смит болон Пол Файнбаум нар хурцаар шүүмжилж, хүндэтгэлгүй хандсан хэмээн буруутгав. Үүний дараа цахим орчинд дасгалжуулагчийг сэтгүүлч эмэгтэйд хүч хэрэглэж буйгаар харуулсан хиймэл оюунт (AI) эвлүүлэг бичлэг TikTok, X талбарт хүчтэй тархжээ.
Даваа гарагт болсон хэвлэлийн хурал дээр InsideTexas-ийн сэтгүүлч Эван Виет Техасын тоглогч Арч Мэннинг-ээс цахим сүлжээнд гарсан бичлэгүүдийг үзсэн эсэхийг нь асуусан байна. Мэннинг уг AI эвлүүлгийг хөгжилтэй гэж дурдаж, өрөөнд байсан зарим сурвалжлагчид ч инээлджээ. Улмаар Виет уг агшныг бичлэг болгон олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь эмэгтэй сэтгүүлчид болон бусад хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарч, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг хөнгөнөөр авч үзлээ гэсэн шүүмжлэлд өртсөн юм.
Сэтгүүлч Эван Виет есдүгээр сарын 15-нд олон нийтээс уучлалт гуйхдаа, ялалтын баярын бичлэгүүдийн талаар асуух бодолтой байсан бөгөөд тухайн хүчирхийлэл дүрсэлсэн хиймэл бичлэгийг өөрөө үзэж амжаагүй байсан, яаран пост оруулж буруу шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгджээ.