Paramore хамтлагийн гоцлол дуучин Хэйли Уильямс АНУ-ын Род-Айленд мужийн Ньюпорт хотод болсон Ньюпортын хөгжмийн наадмын үеэр өвөрмөц тоглолтыг зохион байгууллаа. Тэрээр тус наадмын Форт Адамс цэцэрлэгт хүрээлэнгийн тайзан дээр "Hayley Williams & Friends" нэртэйгээр хамтарсан хөтөлбөрийг толилуулсан байна.
Тоглолтын үеэр Хэйли Уильямс олон алдартай уран бүтээлчидтэй хамт тайзан дээр гарчээ. Тухайлбал, Жек Антонофф, Люси Дакус, Женни Льюис болон бусад олон зочдыг урьж оролцуулсан байна. Тэрээр эхлээд "Ego Death At A Bachelorette Party" болон "Kill Me" дуунуудаар тоглолтоо нээж, улмаар Wednesday хамтлагийн дуучин Карли Хартзмантай хамт "Mirtazapine" дууг дуулжээ.
Үргэлжлүүлэн This Is Lorelei төслийн Нат Амос, Жой Оладокун, Лиам Бензви, Анни ДиРуссо, Женни Льюис, Келси Лу, Люси Дакус, Реми Волф, Финикс Русиаманис болон Мади Диаз нартай хамтран олон дууг тайзнаа амилуулсан байна. Тоглолтын төгсгөлд Жек Антонофф тайзан дээр гарч "I Wanna Get Better" болон "Good Ol’ Days" дуунуудыг хамтран дуулсан бол, эцэст нь бүх зочид хамтдаа Билл Уизерсийн "Lean On Me" дууг дуулж тоглолтоо өндөрлөжээ.
Хэйли Уильямс саяхан Их Британи болон Европын орнуудаар хийсэн аялан тоглолтоо амжилттай дуусгасан бөгөөд түүний Манчестерт хийсэн тоглолтыг хөгжмийн NME сэтгүүл "баяр баясгалан ба уур хилэнг тэнцвэржүүлсэн" хэмээн өндрөөр үнэлсэн байна.