Канадын Торонто хотын төв хэсэгт есдүгээр сарын 2-ны лхагва гарагт хүчтэй аадар бороо, хүчтэй салхи дагуулсан байгалийн гамшиг нүүрлэсний улмаас Рожерс цэнгэлдэх хүрээлэн ихээхэн хэмжээгээр эвдэрч сүйджээ. Үүний улмаас энэ улирлын сүүлийн тоглолт болохоор төлөвлөгдөөд байсан домогт рок хамтлаг AC/DC-ийн есдүгээр сарын 16-ны тоглолт цуцлагдаж болзошгүй эрсдэл үүсээд байна.
"The Toronto Star" сонины мэдээлснээр тоглолт зохион байгуулагч Live Nation компани 50,000 хүний багтаамжтай тус цэнгэлдэх хүрээлэнд учирсан "ноцтой хохирол"-ын хэмжээг үнэлж байгаагаа мэдэгдсэн байна. Тус шуурганы улмаас цэнгэлдэхийн хойд хэсгийн суудлууд ихээхэн сүйдсэн аж. Live Nation компанийн зүгээс лхагва гарагийн орой гаргасан мэдэгдэлдээ "Бид одоогоор хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд тодорхой мэдээлэл гарахад хүргэх болно. Ажилтнууд болон гэрээт ажилчдын аюулгүй байдал бидний нэн тэргүүний зорилт юм. Азаар цаг агаарын энэхүү үзэгдлийн үеэр хүн бэртэж гэмтээгүй" гэжээ.
CTV News агентлагийн мэдээлснээр зарим бүс нутагт бараг таван инч орчим хур тунадас орсон нь "100 жилд нэг тохиох" хэмжээний шуурга болсон бөгөөд хүчтэй салхины улмаас цахилгаан дамжуулах шугам тасарч, мод унан зам хаагдаж, хотын мянга мянган оршин суугч тог цахилгаангүй болж, зоорийн давхрууд нь усанд автжээ.
Цэнгэлдэхийн хойд хэсгийн хөх өнгийн олон эгнээ суудал хууларч, салхинд мушгиран овоорсон төдийгүй хашаа хайс нурж, түр суудлын төмөр бэхэлгээнүүд хүчтэй салхинд гэмтсэн байна. Түүнчлэн эвдэрсэн зөөврийн бие засах газрын хуванцар хог хаягдлууд талбай болон байгууламжийн гадна тархсан байдалтай байжээ.
Энэ зуны турш тус цэнгэлдэх хүрээлэнд Люк Комбс, Mumford & Sons, Пост Мэлоун, Ноа Кахан, Карол Жи, Foo Fighters, Guns N' Roses болон хамгийн сүүлд наймдугаар сарын сүүлээр BTS хамтлаг хоёр өдөр дараалан тоглолтоо хийгээд байсан юм. Одоогоор Live Nation Canada болон AC/DC хамтлагийн төлөөлөгчид тоглолтод үзүүлэх нөлөөний талаар албан ёсны хариу өгөөгүй байна.