Олон улсын дуу бичлэгийн худалдааны байгууллага болох IFPI хөгжмийн салбар дахь хуурамч сонсолтыг (streaming fraud) илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилготой "Streaming Integrity Initiative" (SII) хөтөлбөрийг эхлүүллээ.
Энэхүү санаачилгад Universal Music Group, Sony Music Group, Warner Music Group, HYBE, Virgin Music Group зэрэг томоохон компаниуд болон түгээгчид нэгдээд байна. Харин хамгийн том бие даасан хөгжим түгээгч DistroKid одоогоор гарын үсэг зураагүй байна.
Таван үндсэн амлалт
Санаачилгад нэгдсэн байгууллагууд таван үндсэн зарчмыг хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Үүнд:
- Хэрэглэгч болон эрх эзэмшигчийг баталгаажуулах шалгалт хийх (KYC)
- Зохиогчийн эрхийн зөрчил, залилан болон хиймэл оюунтай холбоотой эрсдэлийг илрүүлэх хэрэгслүүдийг ашиглан контентыг шалгах
- Сэжигтэй залилан, тэр дундаа давтан зөрчлийг илрүүлэх, мөрдөн шалгах, бууруулах
- Зөрчил гаргагчид нэг платформоос нөгөө рүү шилжихээс сэргийлж мэдээлэл хуваалцах
- Залилангийн эсрэг системийг тасралтгүй бэхжүүлж, үр дүнг нь хэмжих
Хиймэл оюун ба хуурамч хандалтын эрсдэл
Хуурамч сонсолт нь бодит бус хандалт үүсгэж, жинхэнэ уран бүтээлчдэд очих ёстой ашиг орлогоос хулгайлдаг асуудал юм. Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь жил бүр уран бүтээлчид болон платформуудад хэдэн зуун сая, бүр хэдэн тэрбум долларын хохирол учруулдаг байна.
Хиймэл оюун ухаан (AI) хөгжихийн хэрээр эдгээр хууль бус схемүүдийг хэрэгжүүлэх нь улам бүр хялбар болж байгаа юм. Тухайлбал, Францын "Deezer" стриминг үйлчилгээний мэдээлснээр хиймэл оюунаар бүтээсэн дуунуудын сонсолтын 80 хүртэлх хувь нь хуурамч байдаг аж.
IFPI-ийн гүйцэтгэх захирал Виктория Окли: "Хуурамч сонсолт нь хөгжим сонирхогчдыг төөрөгдүүлж, жинхэнэ уран бүтээлчид болон дуу зохиогчдын авах ёстой орлогыг булаадаг. Энэ бол зүгээр л шууд хулгай" гэж онцолжээ.