Алдарт хөгжмийн зэмсэг үйлдвэрлэгч Fender брэнд үнэртний Voluspa брэндтэй хамтран дуу бичлэгийн болон бэлтгэлийн студид зориулсан тусгай анхилуун лааны цуглуулгыг худалдаанд гаргалаа. Энэхүү Voluspa x Fender цуглуулга нь Fender гитарын өнгө төрх, гитарын цохиур буюу медиаторын хээ дүрслэлээс сэдэвлэсэн загвартай юм.

Цуглуулгад багтсан Fender Three Chord багц нь Midnight Leather, Vanilla Voltage болон Strawberry Rush гэсэн 3 өөр үнэртэй лаанаас бүрдэх бөгөөд 70 ам.долларын үнэтэй. Тус бүр 4 унцын (ойролцоогоор 25 цаг асах) багтаамжтай энэхүү гурвал нь бариултай, хар өнгийн гитарын хайрцаг шиг савлагаатай ирдэг байна. Мөн үнэрүүд нь 11 унцаар (52 ам.доллар), жижиг хэмжээтэйгээр (24 ам.доллар эсвэл тусад нь худалдаалах 3 унцын савлагаатай) тус тус худалдаалагдаж байна.

Үнэрүүдийн хувьд Midnight Leather нь цагаан гааны тоник, кардамон, хуучин савхи зэрэг дулаан, халуун ногоолог үнэртэй бөгөөд Fender Standard Stratocaster гитарын өнгө төрхийг санагдуулдаг. Харин Vanilla Voltage нь цитрус, мэлрэг цэцэг, наргил модны самрын сүүний холимог чихэрлэг зөөлөн үнэртэй бол Strawberry Rush нь мандарин, гүзээлзгэнэ, личи ликёр болон заарын тод хүчтэй үнэрийг шингээжээ.

Калифорнид гараар урласан эдгээр лааг кокосын лааны тосны холимог, байгалийн гаралтай зулын голоор хийсэн байна. Мөн веган бөгөөд сульфат, фталат, парабен агуулаагүй гэдгээрээ онцлогтой.