Дэлхийн хөрөнгө оруулалтын томоохон байгууллага болох Fidelity компани АНУ-ын Сенатад өргөн баригдсан "Clarity Act" буюу крипто зах зээлийн бүтцийн тухай хуулийн шинэчилсэн төслийг дэмжиж байгаагаа зарлалаа. Бостон хотод төвтэй, ойролцоогоор 7 их наяд ам.долларын хөрөнгө удирддаг тус компанийн зүгээс Сенатын гишүүдийг уг хуулийг яаралтай батлахыг уриалсан байна.
Хуулийн шинэчилсэн төсөл
Крипто зах зээлийн зохицуулалтын энэхүү хуулийн төсөл нь өнгөрсөн жилээс хойш Сенатад хэлэлцэгдэж байгаа юм. Хуулийн хамгийн сүүлийн хувилбарт төрийн албан хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг крипто валют гаргах, сурталчлахыг хориглосон заалт орсон нь анхаарал татаж байна. Энэ нь өмнө нь сөрөг хүчний улс төрчдийн зүгээс шүүмжлэл дагуулж байсан гол асуудлын нэг байсан юм.
Fidelity компанийн зүгээс "Хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх, зах зээлд оролцогчдод тодорхой байдлыг хангах, АНУ-ын дижитал хөрөнгийн зах зээл дэх тэргүүлэгч байр суурийг бататгахын тулд тодорхой дүрэм журам нэн шаардлагатай байна" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Дэмжигчид ба эсэргүүцэл
Fidelity-ээс гадна "Crypto Council for Innovation", "Blockchain Association", "Digital Chamber" зэрэг крипто салбарын нөлөө бүхий байгууллагууд болон цагдаагийн байгууллагын төлөөлөл уг хуулийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Fidelity компани нь Биткойн болон бусад дижитал хөрөнгийн биржийн арилжааны сангуудыг (ETF) удирддаг бөгөөд 2024 онд АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC) эдгээр сангуудыг зөвшөөрснөөр зах зээлд томоохон өөрчлөлт гарсан билээ.
Гэсэн хэдий ч хуулийн төсөл өмнө нь банкны салбарын удирдлагуудын эсэргүүцэлтэй тулгарч байв. Тодруулбал, стейблкойн буюу тогтвортой ханштай крипто валютуудаас хэрэглэгчдэд олгох өгөөжтэй холбоотой асуудлаар байр суурь нэгдээгүй байна. Үүний улмаас Coinbase зэрэг крипто биржүүд уг хуулийг дэмжихээ зогсоож байсан удаатай. Мөн сенатор Элизабет Уоррен тэргүүтэй улс төрчид уг хууль нь улс төрийн албан тушаалтнуудад крипто хөрөнгөөр дамжуулан ашиг олох боломж олгож болзошгүй хэмээн болгоомжилж байгаа юм.