Чихний суваг руу шууд шургуулдаг уламжлалт чихэвчээс ялгаатай нь "нээлттэй чихэвч" (open earbuds) нь чихний гадна талд байрладаг. Энэ нь чихний сувгийг огт бөглөлгүй нээлттэй үлдээж, бараг чихэвч зүүгээгүй мэт мэдрэмж төрүүлдэг технологи юм.
Хүмүүс яагаад нээлттэй загварыг сонгодог вэ?
Хэрэглэгчид ийм чихэвчийг сонгох хэд хэдэн үндсэн шалтгаан бий. Нэгдүгээрт, өөрийн дуртай хөгжим, контентоо сонсохын зэрэгцээ орчны чимээг бүрэн мэдрэх боломжийг олгодог. Хоёрдугаарт, чихэн дотор ямар нэгэн зүйл байрлуулахгүй байх нь зарим хүнд илүү тухтай санагддаг. Мөн чихэндээ хавчих (cuff) эсвэл өлгөх (hook) загвартай тул дасгал хийх, ажиллах болон өдөр тутмын хөдөлгөөн дунд чихнээс унахгүй найдвартай тогтож, орчноо анхаарах боломж олгодог байна.
Зах зээлд эдгээр нь голдуу чихэнд хавчих, өлгөх болон ясны дамжуулалт (bone conduction) гэсэн гурван төрлөөр худалдаалагддаг. Зарим загвар нь спортоор хичээллэхэд зориулагдсан бол зарим нь өдөр тутмын хэрэглээнд илүү тохиромжтой байдаг.
Дутагдалтай талууд болон үнийн сонголтууд
Нээлттэй хийцтэй учир эдгээр чихэвчүүдэд дуу чимээг идэвхтэй дарах (ANC) систем байдаггүй. Мөн дуу хөгжмийг хамгийн нарийн деталь бүрээр нь сонсохыг хүсдэг аудио сонирхогчдод төдийлөн тохирохгүй байж магадгүй ч төсөөлснөөс илүү сайн дуугаралт үзүүлдэг. Ихэнх төхөөрөмж дуу гадагш алдахаас сэргийлэх технологитой ч өндөр түвшинд дуугаргах үед бага зэрэг дуу гадагш сарнидаг сул талтай. Түүнчлэн чихэнд өлгөдөг загваруудын цэнэглэгч гэр харьцангуй овор ихтэй байх хандлагатай.
Одоогоор Bose Ultra Open (299 ам.доллар), Bose Sport Open (199 ам.доллар), Sony, Shokz зэрэг брэндүүд дээд ангиллын сонголтуудыг санал болгож байна. Тухайлбал, Bose Ultra Open болон Shokz OpenFit Pro загварууд нь орон зайн дуугаралт (spatial audio) дэмждэгээрээ онцлог юм. Үүний зэрэгцээ Soundcore, EarFun, Raycon, CMF by Nothing зэрэг брэндүүд 100 ам.доллароос доош үнэтэй, төсөвт ээлтэй хувилбаруудыг зах зээлд нийлүүлж байна.