Америкийн уран бүтээлч Шабузи өөрийн шинэ цомог гарахын өмнөхөн “The Tonight Show Starring Jimmy Fallon” нэвтрүүлэгт оролцлоо. Тэрээр тус нэвтрүүлгийн тайзыг Зэрлэг өрнөдийн хуучин салон мэт тохижуулж, өөрийн шинэ уран бүтээл болох “Cowgirl” дууг амьдаар дуулсан юм.
Энэхүү үзүүлбэрт Bravo телевизийн “Summer House” шоуны од Сиара Миллер оролцож, дууны албан ёсны клипэнд бүтээсэн дүрээ дахин амилууллаа. Тэд хамтдаа бүжиглэж, үзэгчдэд өвөрмөц тоглолтыг хүргэв. “Cowgirl” дуу нь Шабузигийн удахгүй гарах “The Outlaw Cherie Lee & Other Western Tales” хэмээх үзэл баримтлалт цомогт багтаж байгаа юм.
Уг цомог нь Американа, хип-хоп болон поп урсгалыг хослуулсан бөгөөд өшөө авалт, хайр дурлал, өөрчлөлтийн тухай өгүүлдэг. Дуучин Шабузигийн хувьд “A Bar Song (Tipsy)” дуугаараа Billboard-ын чартад түүхэн амжилт үзүүлж, олон долоо хоногийн турш тэргүүлсэн билээ. Тэрээр есдүгээр сараас эхлэн “Outlaws Never Die Tour” аялан тоглолтоо эхлүүлэхээр төлөвлөж байна.