Колумбын алдарт дуучин Шакира өөрийн “Las Mujeres Ya No Lloran World Tour” аялан тоглолтынхоо хүрээнд Испанийн Мадрид хотод 12 тоглолтоос бүрдсэн цуврал шоугаа толилуулж байна. Энэхүү цуврал нь 9 дүгээр сарын 18-нд эхэлсэн бөгөөд 10 дугаар сарын 11 хүртэл үргэлжлэх хуваарьтай юм. Тус тоглолтод зориулан тусгайлан барьсан Estadio Shakira задгай талбайд үдэш бүр ойролцоогоор 55,000 үзэгч цугларч байна.

Эхний хоёр үдэш тайзан дээр уригдсан зочин гараагүй ч хоёр цагийн турш үргэлжилсэн тоглолтын эрч хүч сулраагүй бөгөөд түүний “Girl Like Me”, “Te Felicito”, “TQG”, “Soltera”, “Hips Don’t Lie” зэрэг хит бүтээлүүд эгшиглэсэн юм. Мөн өмнөх тоглолтуудад дуулагдаагүй “Te Dejo Madrid” дууг шинээр багтаажээ. Цувралын явцад уран бүтээлч зочид тайзнаа нэгдэж эхэлсэн бөгөөд тэдний зарим нь огт санаанд оромгүй гэнэтийн байсан бол заримыг нь Шакира өөрийн цахим хуудсаараа дамжуулан урьдчилан цухуйлгасан байна.

Цуврал тоглолтынхоо талд хүрээд буй дуучин Instagram хуудсандаа сэтгэгдлээ хуваалцахдаа: “Бид цуврал тоглолтынхоо талыг тууллаа! Нийт 6 тоглолт болсон бөгөөд тоглолт бүр гайхалтай эрч хүчээр дүүрэн байлаа. Эдгээр 6 тоглолтын аль нь хамгийн шилдэг нь байсныг хэлэх боломжгүй, бүгд үнэхээр гайхалтай байсан. Надтай хамт байгаад баярлалаа, Мадрид!” хэмээн бичжээ.

Billboard-ийн мэдээлснээр, “Las Mujeres Ya No Lloran World Tour” нь нийт 86 тоглолтоос 421.6 сая ам.долларын орлого олж, 3.3 сая тасалбар борлуулснаар испани хэлт уран бүтээлчдийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой аялан тоглолтоор шалгаран Гиннесийн дээд амжилтыг тогтоосон юм.