АНУ-ын шүүхээс хөгжмийн магнат, продюсер Шон “Дидди” Комбс-д NewsNation телевизийн суваг болон хуульч Ариэль Митчеллийн эсрэг гаргасан 100 сая ам.долларын нэр төр гутаасан гэх нэхэмжлэлээ үргэлжлүүлэн явуулах зөвшөөрөл олголоо.
Баасан гарагт шүүгч Жон П. Кронан NewsNation болон өмгөөлөгч Митчелл нарын хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг няцаасан шийдвэр гаргасан байна. Энэхүү маргаан нь NewsNation сувгийн нэвтрүүлгийн үеэр Митчеллийн хийсэн мэдэгдлээс үүдэлтэй юм. Тэрээр өөрийн “судалгаа”-нд үндэслэн бэлгийн хүчирхийлэл үйлдэхдээ хохирогчийн биеэ хамгаалах чадварыг бууруулах зорилгоор хүүхдийн тосонд мансууруулах бодис хольдог байж болзошгүй гэх утгатай зүйл ярьсан байжээ. Харин Комбс энэхүү яриаг шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй, худал мэдээлэл тарааж нэр төрийг нь гутаасан гэж үзэн шүүхэд хандсан юм.
Шүүгч Кронан хэлэхдээ, уг мэдэгдлийг сонссон хэн ч үнэн бодит эсэхэд нь эргэлзэх бүрэн үндэслэлтэй тул Комбс энэ асуудлаар гомдол гаргах эрхтэй гэж үзжээ. Мөн өмгөөлөгч Митчелл нь нэвтрүүлгийн үеэр өөрийн үйлчлүүлэгч Кортни Бержессийг Комбсын бэлгийн хүчирхийлэл үйлдсэн бичлэгүүдийг үзэх боломжтой байсан гэж ярьсны төлөө шүүгдэх боломжтой болсон байна. Харин NewsNation суваг уг ярилцлагын үеэр Комбс нь ямар ч гэмт хэрэгт албан ёсоор ял шийтгүүлээгүй, эдгээр нь зөвхөн таамаг төдий гэдгийг үзэгчдэд сануулж, зохих тайлбарыг өгсөн тул уг мэдэгдэлд сувгийг хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Энэхүү шийдвэр нь хэргийг эцэслэн шийдвэрлэсэн явдал биш бөгөөд талууд нотлох баримт цуглуулах шатанд шилжиж байгаа хэрэг юм. Хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол дараагийн шатанд шүүх хурал болох төлөвтэй байна.