Их Британийн алдарт дуучин Эд Ширан Филадельфи хотын "Lincoln Financial Field" цэнгэлдэх хүрээлэнд болсон бие даасан тоглолтоо Израиль, Палестины нөхцөл байдлын талаарх мэдэгдлээр эхлүүллээ. Тэрбээр өөрийн уран бүтээл, тоглолтууд улс төрийн бус, харин эв нэгдэл, хүн чанарын тухай байхыг хүсдэг гэдгээ онцолсон байна.

Эд Ширан тайзан дээрээс хэлэхдээ: "Аравдугаар сарын 7-нд Израильд болон 'Nova Music Festival' дээр болсон явдал аймшигтай байсан бөгөөд еврей түмний олон зуун жилийн шаналлыг сэдрээсэн. Харин Газын зурваст болж буй үйл явдал бол сүйрэл, үүнийг зөвтгөх аргагүй, хэмжээ хязгаараас хэтэрсэн явдал юм. Энгийн иргэд, хүүхдүүдийн амь нас олноор эрсдэж, асар их сүйрэл нүүрлэж байгаад сэтгэл минь шимширч байна. Мөн Баруун эрэгт өрнөж буй тогтолцооны шударга бус байдлыг анзаарахгүй өнгөрч болохгүй" хэмээжээ. Түүнчлэн тэрбээр хохирогчдод хэрхэн туслах талаар тал бүрийн хүмүүстэй ярилцаж байгаагаа дурдсан юм.

Хамтран тоглогчдын эсэргүүцэл ба цуцлалт

Энэхүү мэдэгдэл гарахаас өмнө түүний аялан тоглолтын эргэн тойронд багагүй маргаан дэгдээд байв. Тодруулбал, дуучин Macklemore есдүгээр сарын 5-нд Нью-Жерсид болсон тоглолтын үеэр "Free Palestine" гэж уриалсныхаа дараа Эд Шираны аялан тоглолтын бүрэлдэхүүнээс хасагдсан юм. Үүний дараа түүнийг орлохоор товлогдсон Данийн Lukas Graham хамтлаг болон Ирландын дуучин Аарон Роу нар нэгдэн тоглолтод оролцохоос татгалзсан билээ. Мөн Билли Айлишийн ах, уран бүтээлч Финнеас энэ оны сүүлээр Эд Ширантай хамт Өмнөд Америкт аялан тоглолт хийхээр төлөвлөж байсан ч энэ долоо хоногийн эхээр оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Эд Шираны зүгээс Macklemore-ийг тоглолтоос хасах шийдвэрт өөрөө холбоогүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд энэ нь "New England Patriots" багийн эзэн Роберт Крафтын шаардлагаар хийгдсэн аж.

Macklemore лхагва гарагт Палестины тусламжийн үйлсэд зориулж 1 сая ам.доллар хандивлаж байгаагаа зарласан байна. Харин Роберт Крафтын төлөөлөгчийн мэдээлснээр Крафт болон Эд Ширан нар тус бүр 2 сая ам.доллар хандивлахаар тохиролцсон боловч уг мөнгийг хааш нь чиглүүлэхийг хараахан тодорхойлоогүй байгаа ажээ.