Украины алдарт теннисчин Элина Свитолина нөхөр Гаэль Монфисоос салснаа зарласнаас хойш олон нийтийн шүүмжлэлд ихээхэн өртөж, сэтгэл зүйн хувьд амаргүй цаг үеийг туулж байгаагаа илэрхийллээ. Түүнийг чиглэсэн шүүмжлэл хэрээс хэтэрсэн тул Монфис хүртэл түүнийг өмөөрөн тайлбар хийж байсан ч нөхцөл байдал төдийлөн намжаагүй байна.

WTA Finals тэмцээний өмнөх хэвлэлийн хурал дээр 32 настай Свитолина: “Миний хувьд өдөр тутамд тулгардаг зүйлсээс болоод ерөнхийдөө аз жаргалтай амьдрал гэдэг зүйл бараг байхгүй. Харин эргэн тойрныхоо хүмүүстэй хамт бүтээж чадах тэр л аз жаргалтай мөчүүд миний хянаж, амьдарч чадах зүйл” хэмээн ярьжээ. Тэрээр эхэндээ салалтынхаа шалтгааныг Украины дайны сэтгэл зүйн хүнд дарамттай холбон тайлбарлаж байсан бол дараа нь зөвхөн дайн биш, өөрөө цаашид үнэхээр аз жаргалтай байж чадахгүй болсонтой холбоотой хэмээн тодруулсан юм.

Тэд 2018 оноос болзож эхлэн, 2021 онд гэрлэж, 2022 оны 10 дугаар сард охин Скайгаа өлгийдөн авч байв. Теннисний ертөнцийн хүчирхэг хосуудын нэгд тооцогддог байсан тэдний салалт Монфист ч мөн хүндээр тусжээ. Франц теннисчин салалтын дараа зодог тайлж буйгаа гэнэт зарласан бөгөөд хоолны дуршил буурч, бэлтгэл сургуулилтаа бүрэн дүүрэн хийж чадахгүй байгаагаа Twitch шууд дамжуулалтаараа ярьсан байдаг. Тэрээр одоо Францын Дэвисийн цомын багийн ахлагчаар томилогдоод байна.

Нөгөө талд, Свитолина салалтын дараа анх удаа WTA Finals тэмцээнд талбайд эргэн ирсэн ч 19 настай Мирра Андреевад 6-4, 6-0 харьцаагаар 70 минутын дотор хожигдон, тэмцээнээ тааруу эхлүүллээ.