Америкийн кантри хөгжмийн уран бүтээлч Элла Лэнгли болон Коэ Ветзел нар удахгүй шинэ хамтарсан уран бүтээл гаргахаа зарлалаа. Тэдний хамтран дуулсан "Jaded" нэртэй шинэ дуу баасан гарагт сонсогчдын хүртээл болох юм.
Энэхүү шинэ дууг Коэ Ветзел, Элла Лэнгли, Жордан Шмидт болон Эрнест нар хамтран бичжээ. Элла Лэнглийн хувьд Морган Уоллентэй хамтран дуулсан "I Can’t Love You Anymore" дуу нь чартуудыг тэргүүлж байгаа бол, тэрээр "Choosin’ Texas" зэрэг бие даасан уран бүтээлүүдээрээ олонд танигдсан уран бүтээлч юм.
Хоёр уран бүтээлчийн хувьд өмнө нь 2023 онд Лэнглийн "Excuse the Mess" EP цомгийн тэргүүн сингл болох "That’s Why We Fight" дуун дээр хамтран ажиллаж байсан бөгөөд тус дуу нь Америкийн Дуу бичлэгийн үйлдвэрлэлийн холбооноос (RIAA) алтан гэрчилгээ авч байв. Түүнчлэн Коэ Ветзел 2024 онд Жесси Мурфтай хамтарсан "High Road" дуугаараа Country Airplay чартыг тэргүүлж, Кори Кенттэй хамтарсан "Rocky Mountain Low" дуугаараа эхний тавд бичигдсэн амжилт үзүүлжээ.
Элла Лэнгли энэ талаар "Коэ бид хоёр эртний найзууд. Тэр бол миний хамтран ажилласан анхны уран бүтээлчдийн нэг төдийгүй 2022 онд хамтдаа аялан тоглолт хийж байсан. Дахин хамтарч дуу бичих нь үнэхээр онцгой мэдрэмж төрүүлж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна. Коэ Ветзел ч мөн адил "Элла бол миний хамтран дуулах дуртай уран бүтээлчдийн нэг. Биднийг уулзах бүрт дахин хамтрах тухай яриа өрнөдөг байсан" хэмээн онцолжээ.
Одоогоор Коэ Ветзел "The Night Champion World" аялан тоглолтоо АНУ, Канад болон Австрали улсуудад үргэлжлүүлж байгаа бол Элла Лэнгли өөрийн "The Dandelion Tour" тоглолтоо удирдан явуулж байна.