Billboard сэтгүүлээс гаргадаг 2026 оны зуны шилдэг дуунуудын Songs of the Summer жагсаалтыг дуучин Элла Лэнглигийн “Choosin’ Texas” дуу тэргүүллээ. Энэ жилийн чартын эхний гурван байрт кантри урсгалын уран бүтээлүүд бичигдсэн нь уг жагсаалтын түүхэнд анхны тохиолдол болж байна.
Жагсаалтын хоёрдугаар байрт Тейлор Свифтийн “I Knew It, I Knew You”, гуравдугаар байрт Элла Лэнглигийн өөр нэг бүтээл болох “Be Her” дуу тус тус оржээ. Мөн дөрөвдүгээр байрт Ариана Грандегийн “Hate That I Made You Love Me”, тавдугаар байрт Дрейкийн “Janice STFU” дуу бичигдсэн байна.
Luminate-ийн мэдээллээр, 2026 оны зуны тооцооллын хугацаанд “Choosin’ Texas” дуу АНУ дахь албан ёсны стримингийн тоогоор хамгийн өндөр үзүүлэлт буюу 407 сая стрим цуглуулжээ. Уг уран бүтээл нь өнгөрсөн оны аравдугаар сард цацагдсан бөгөөд Billboard Hot 100 жагсаалтыг одоогоор нийт 21 долоо хоногийн турш тэргүүлээд байна.
Songs of the Summer жагсаалт нь жил бүрийн тавдугаар сарын сүүлээс есдүгээр сарын эхэн үе хүртэлх хугацаанд Billboard Hot 100 чартын стриминг, радио болон борлуулалтын нийлбэр амжилтад үндэслэн шилдэг 20 дууг эрэмбэлдэг билээ.