АНУ-ын нээлттэй тэмцээн буюу US Open-ийн шигшээ тоглолтод Елена Рыбакинад 6-4, 5-7, 6-2 харьцаагаар хожигдсоныхоо дараа Беларусын теннисчин Арина Соболенко талбай дээр гаргасан зан төлөвөөсөө болж олон нийтийн хүчтэй шүүмжлэлд өртөөд байна. Тэрбээр хожигдмогцоо цохиураа шидсэн бөгөөд уламжлалт ёсоор гар барьсны дараа цохиураа бүрэн эвдэлж хаяжээ.

Гэвч Энди Роддик түүний энэхүү үйлдлийг буруутгасангүй. Тэрбээр цохиураа эвдэх нь тийм ч сүртэй асуудал биш гэж үзэж буйгаа "The Served Podcast"-аар ярихдаа илэрхийлсэн байна. Роддик “Хүмүүс ихэвчлэн бухимдах ямар нэгэн шалтгаан хайж, Твиттер дээрээ бичих гэдэг. Хэрэв та өөрийнхөө юмыг эвдэж байгаа бол би лав уурлахгүй, надад хамаагүй. Өөрийн эд зүйлээ эвдлээ гээд би хувьдаа гомдоод байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Энэхүү ялагдал нь Соболенкод хүнд цохилт болсон юм. Учир нь тэрбээр дэлхийн чансааны тэргүүн байраа алдаад зогсохгүй Крис Эверт, Серена Уильямс нарын дараа US Open-д дараалан гурав дараалж түрүүлсэн гурав дахь эмэгтэй тоглогч болох боломжоо алджээ. Мөн энэ нь 2026 онд “Их дуулга”-ын шигшээд Рыбакинад хожигдсон хоёр дахь тохиолдол болсон бөгөөд тэд өмнө нь Австралийн нээлттэй тэмцээний шигшээд таарахад Рыбакина 6-4, 4-6, 6-4-өөр ялж байсан юм. Үүний зэрэгцээ Соболенко 2023 оноос хойш анх удаагаа “Их дуулга”-ын цомгүйгээр улирлыг дуусгахаар болж байна.

Шигшээ тоглолтын үеэр Соболенко зөвхөн цохиураа эвдээд зогсоогүй бөгөөд тоглолтын эхэн үед бөмбөгтэй зүй бус харьцсаны улмаас ерөнхий шүүгчээс дүрмийн зөрчлийн шийтгэл (code violation) авчээ. Түүнчлэн тоглолтын дараа телевизийн зураглаач руу хараал хэлсэн нь ажиглагдсан байна. Энэхүү зан төлөвийн дүрмийн зөрчлүүдийнхээ төлөө тэрбээр шагналын мөнгөнөөсөө 7,500 ам.долларын торгууль хүлээжээ.

Олон хүн түүний үйлдлийг спортын бус хэмээн шүүмжилсний дотор Серена Уильямсын дасгалжуулагч Ренне Стаббс багтаж байна. Тэрбээр "The Rennae Stubbs Tennis Podcast" дээр ярихдаа Соболенкогийн үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээгээд, өрсөлдөгчтэйгээ гар барихаас өмнө түүний нүдэн дээр цохиураа эвдэж байгаагүй гэдгээ онцолсон байна.