Ямайка улсын Кингстон хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд 10 дугаар сарын 16-наас 19-ний өдрүүдэд зохион байгуулагдах BZR WKND 2026 хөгжмийн наадмын бүрэн бүрэлдэхүүнийг Billboard сэтгүүл хамгийн түрүүнд мэдээллээ. Дөрвөн өдөр үргэлжлэх энэхүү наадам нь хөгжим, соёл, хоол, аялал жуулчлал, загвар болон энтертайнментийг хослуулсан арга хэмжээ юм.

Наадмын гол уран бүтээлчээр алдарт рэппер Cardi B оролцохоор зарлагдаад байсан бол тус наадмыг Грэммийн шагналд нэр дэвшиж байсан дэнсхолл од Spice хөтлөн явуулахаар болжээ. Мөн тайзнаа Keyshia Cole, Malie Donn, Ding Dong, Stalk Ashley болон DJ MAC нар үзүүлбэрээ сонирхуулна.

Р&Б чиглэлийг төлөөлөн оролцож буй Кэйшиа Коул өнгөрсөн жил өөрийн анхны цомог болох “The Way It Is”-ийн 20 жилийн ойд зориулан АНУ болон Их Британиар аялан тоглолт хийсэн билээ. Харин бусад уран бүтээлчид дэнсхолл хэмнэлийг үргэлжлүүлэх бөгөөд тэдний дунд Billboard-оос 8 дугаар сарын онцлох шинэ уран бүтээлчээр нэрлэгдсэн Malie Donn, мөн 2026 оны Caribbean Music Awards-аас дэнсхолл үзүүлбэрийн эзнээр шалгарсан Ding Dong нар багтжээ.

Түүнчлэн 2026 оны Caribbean Music Awards наадмын оны шилдэг эмэгтэй дэнсхолл уран бүтээлч номинацид нэр дэвшсэн Shaneil Muir болон олон улсын шилдэг эрэгтэй DJ шагнал хүртсэн Ricky Platinum тэргүүтэй олон уран бүтээлч, дижей нар уг тайзнаа гарах юм.