Өмнөд Солонгосын эрх баригчид крипто зах зээлийг зохицуулах томоохон алхмуудын хүрээнд стейблкойн буюу тогтвортой ханштай криптовалютын чиглэлээр шинэ бодлого боловсруулж байна. Тус улсын бодлогын шинэ тайланд дурдсанаар, албан ёсны «Дижитал хөрөнгийн үндсэн хууль»-ийг батлахаас өмнө стейблкойнтой холбоотой зохицуулалтыг урьдчилан хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцолжээ.
Бодлогын баримт бичигт стейблкойн гаргагчдад илүү уян хатан байдлыг олгох, мөн үйл ажиллагааг нь тодорхой болгох үүднээс түр зуурын тусгай зөвшөөрлийн удирдамжийг нэвтрүүлэхийг зөвлөсөн байна. Энэхүү алхам нь крипто хөрөнгийн зах зээлд тодорхойгүй байдлыг бууруулж, хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх зорилготой юм.
Одоогоор тус улсын зүгээс Дижитал хөрөнгийн үндсэн хуулийг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү түр зуурын зохицуулалт нь хууль батлагдахаас өмнөх бэлтгэл үе шат болох төлөвтэй байна. Ингэснээр стейблкойнтой холбоотой үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд илүү тодорхой дүрмийн дагуу ажиллах боломж бүрдэх юм.