Биткойны дагалдах сүлжээ болох Liquid Network-ийн сангийн данснаас өөрсдийгөө “цагаан малгайт хакерууд” (white-hat) гэж мэдэгдсэн этгээдүүд 4,000 орчим биткойн (тухайн үеийн ханшаар ойролцоогоор 320 сая ам.доллар) татан авсан талаар Liquid Network ням гарагт мэдээллээ. Халдлагын улмаас сүлжээ хоорондын гүүр зангилаануудыг түр зогсоосон байна. Харин USDT, DePix болон бодит хөрөнгөөр баталгаажсан бусад токенууд өртөөгүй болохыг X тавцан дахь албан ёсны хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
Адам Бэкийн үүсгэн байгуулсан Blockstream компанийн Liquid сүлжээ нь L-BTC зэрэг хөрөнгийг гаргадаг бөгөөд үүнийг Биткойны үндсэн сүлжээн дэх 15 байгууллагын олон гарын үсэгт (multisig) сангаар баталгаажуулдаг аж. Сангаас гүйлгээ хийхийн тулд 15 гишүүний 11 нь баталгаажуулах шаардлагатай байдаг байна. Халдлага гарахаас өмнө тус санд 4,200 гаруй BTC байсан бол Blockstream-ийн нөөцийн мэдээллээр одоогоор 207 гаруй BTC үлджээ.
Халдлага хэрхэн явагдсан бэ?
Халдлагын нарийвчилсан механизм одоогоор бүрэн батлагдаагүй байгаа ч хакерууд L-BTC сүлжээн дэх инфляцын алдааг (bug) ашиглан өмнө нь байгаагүй 4,000 гаруй L-BTC-ийг шинээр үүсгэж, улмаар холбооны нөөцөөс биткойн болгон гаргаж авсан бололтой байна. Уг гүйлгээ нь зөвшилцлийн алдааны улмаас хүчинтэйд тооцогдож, холбооны аюулгүй байдлын серверүүд 4,019.4 BTC татах гүйлгээг баталгаажуулжээ.
Хакерууд татсан хөрөнгөө 6gyqjlte гэж төгссөн хаяг руу шилжүүлсэн бөгөөд сүлжээний мэдээллийн хэсэгт “бид цагаан малгайтнууд, бидэнтэй сүлжээгээр холбогдоно уу” гэсэн мессеж үлдээсэн байна. Тухайн мэдээллийг бичих үед зооснууд уг хаяг дээр байршсан хэвээр байв.
Хэрэглэгчдэд үзүүлэх нөлөө
Энэхүү үйл явдлын дараа биржүүдэд L-BTC-ийн орлого, зарлагыг зогсоох чиглэл өгчээ. Хэдийгээр блок үүсэх явц үргэлжилж байгаа ч гүүр зангилаанууд зогссон байна. JAN3 компанийн гүйцэтгэх захирал Самсон Моугийн мэдээлснээр Aqua хэтэвчийн Liquid үйлчилгээнүүд өртсөн ч үндсэн сүлжээний биткойн хэвийн ажиллаж байгаа бөгөөд Liquid-ийг ашигладаг салбарын бусад хэтэвчүүд ч мөн өртөх төлөвтэй байна.
Хэрэв хөрөнгө эргэн төлөгдөхгүй бол Liquid Network-ийн хэрэглэгчдэд хүнд цохилт болох эрсдэлтэй юм. Халдлагын цар хүрээ том тул хакерууд эдгээр бүх биткойныг авч зайлсхийх нь хүндрэлтэй байж болох ч бүр боломжгүй зүйл биш гэж үзэж байна. Цаашид хакерууд олдворын шагнал (finder’s fee) шаардаж, хөрөнгийн дийлэнх хэсгийг буцаан өгч магадгүй гэсэн таамаг байгаа бөгөөд L-BTC эзэмшигчдийн хувьд хэлэлцээрийн үр дүнг хүлээхээс өөр сонголт хомс байна.