Өсвөр насныхны хайр дурлал, амьдралыг өгүүлдэг алдарт “10 Things I Hate About You” кино Бродвейн хөгжимт жүжиг болон дахин амилах гэж байна. Продюсер Майк Боснерын Даваа гарагийн өглөө (8-р сарын 17) мэдээлснээр уг хөгжимт жүжгийн тоглолтууд 2027 оны наймдугаар сарын 17-нд эхлэхээр товлогджээ.

Энэхүү төслийн цомнолыг “Golden Globe” шагналын эзэн Лина Данэм болон жүжгийн зохиолч Жессика Хуан нар хамтран бичиж байна. Харин дуу, хөгжмийн үг аяыг “Grammy” шагналд нэр дэвшиж байсан дуучин Карли Рэй Жепсен болон “Grammy”-ийн эзэн Итан Груска нар хариуцан ажиллахаар болжээ.

Жүжгийн ерөнхий найруулагч болон бүжиг дэглээчээр “Tony” шагналын эзэн Кристофер Уилдон ажиллах юм. Мөн хөгжмийн хяналт, найруулга болон оркестровкийг “Grammy”-ийн шагналт хөгжмийн уран бүтээлч Том Китт хариуцахаар багт нэгджээ.

1999 оны анхны кино нь Уильям Шекспирийн 1594 оны “The Taming of the Shrew” зохиолоос сэдэвлэсэн бөгөөд жүжигчин Жулия Стайлз, Жозеф Гордон-Левитт, Хит Лежер нарын нэр хүндийг өндөрт өргөсөн бүтээл болсон билээ. Мэдэгдэлд дурдсанаар шинэ хөгжимт жүжиг нь Падуа ахлах сургуулийн өсвөр үеийнхний дурлал, зөрчилдөөний дунд өөрсдийн хүслээр амьдрахаар тэмцэж буй хоёр эгч дүүгийн түүхийг дахин өгүүлэх аж.

Одоогоор жүжигчдийн бүрэлдэхүүн, уран бүтээлчдийн нэмэлт баг болон тоглолт болох театрын талаарх мэдээллийг хараахан зарлаагүй бөгөөд хожим олон нийтэд хүргэхээр төлөвлөжээ.