Америкийн алдарт “America’s Got Talent” шоуны 21 дэх улирлын ялагчаар Тайландын Пхукет хотоос гаралтай, 16 настай дуучин бөгөөд гитарчин Нэнэ Роял тодорлоо. Лхагва гаргийн үдэш (9-р сарын 23) цацагдсан хоёр цагийн үр дүнгийн шууд нэвтрүүлгээр түүнийг Америкийн үзэгчдийн хамгийн олон саналыг авч түрүүлснийг зарласан байна.

Ингэснээр Нэнэ Роял тус шоуны ялагчийн цомоос гадна 1 сая ам.долларын шагнал хүртэж, Лас-Вегас хотод болох шоу тоглолтын гол уран бүтээлчээр оролцох эрхтэй боллоо. Шоуны үр дүн гарсны дараа тэрээр тусгай зочноор ирсэн алдарт рок хамтлаг Linkin Park-тай хамтран “The Emptiness Machine” дууг тайзнаа толилуулжээ. Мөн уг нэвтрүүлэгт Жош Гробан, Леле Понс, REI AMI, Стив Аоки нар тусгай зочноор оролцсон байна.

Долоон настайгаасаа гитар тоглож эхэлсэн Нэнэ Роял тэмцээний турш шүүгчид болон үзэгчдийг хүчирхэг үзүүлбэрүүдээрээ бишрүүлсэн юм. Тэрээр The Cranberries хамтлагийн “Zombie”, Soundgarden-ий “Black Hole Sun” (үүгээрээ Мел Бигээс “Golden Buzzer” авсан) зэрэг дуунуудыг шинэчлэн дуулж байв. Харин шигшээ шатанд The White Stripes хамтлагийн “Seven Nation Army” дуунд шинэ гитарын гоцлол нэмэн тоглосон нь өндөр үнэлгээ авчээ.

Үзүүлбэрийн дараа шүүгч Мел Би түүний өвөрмөц байдлыг магтаж, “Хэрэв чи түрүүлэхгүй бол би Хауигийн шинэ байшинг зарна” хэмээн хошигносон бол шүүгч София Вергара “Яг одоо чам шиг хүн байхгүй, чи үнэхээр өвөрмөц учраас дэлхий ертөнц галзуурч байгаа гэдэгт би итгэлтэй байна” гэж хэлсэн байна. Харин шүүгч Хауи Мандел түүнийг энэ тайзан дээрх хамгийн авьяаслаг, вирустсэн оролцогч хэмээн тодорхойлж, ялах ёстойг онцолж байв.

Энэ удаагийн тэмцээний хоёрдугаар байрт илбэчин Жено Плогер, гуравдугаар байрт “Hundred Fingers” илбэчдийн хамтлаг шалгарчээ.