АНУ-ын Род-Айленд мужийн хамгийн их эрэн сурвалжлагдаж байсан гэмт хэрэгтнүүдийн нэг Нью-Йорк хотод баривчлагдсан талаар Stat News мэдээллээ. Тэрээр 20 гаруй жилийн турш хуулийн байгууллагаас нуугдаж амьдарсан бөгөөд энэ хугацааныхаа тодорхой хэсгийг биотехнологийн компанийн удирдах албан тушаалтны дүрээр өнгөрөөсөн байна.
Калифорни мужид төвтэй Immix Biopharma компаниас АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд (SEC) ирүүлсэн баримтад дурдсанаар, Ричард Грэйдон гэх нэртэй гүйцэтгэх захирлыг компанийн үйл ажиллагаатай холбоогүй шалтгаанаар ажлаас нь халсан болохыг мэдэгджээ. Гэвч удалгүй Ричард Грэйдон нь Рональд Фишер гэх жинхэнэ нэртэй, 70 настай хүн болох нь тогтоогдсон байна.
Рональд Фишер нь урьд нь Род-Айленд болон Массачусетс мужид лицензтэй ажиллаж байсан мэдээ алдуулагч эмч байжээ. Тэрээр 2005 онд хүндрүүлэх нөхцөлтэй хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүгдэж байх явцдаа оргосон юм. Тухайн үед түүнийг "Lion King" нэртэй дарвуулт завь дээр болзсон эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутгаж байв. Ийнхүү хоёр арван жилийн турш өөр нэрээр биотехнологийн салбарт ажиллаж байсан этгээд хуулийн хариуцлага хүлээхээр боллоо.