Лос-Анжелес хотын цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийн нээлтийн ёслол сүр дуулиантай болж өнгөрлөө. Энэхүү тэмцээний эхлэлийг дэлхийн хөгжмийн салбарын хамгийн том одод чимсэн нь үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөв.

Нээлтийн тайзан дээр поп хөгжмийн хатан хаан гэгддэг Кэти Перри, K-pop ертөнцийн супер од, Blackpink хамтлагийн гишүүн ЛИСА, Бразилийн алдарт дуучин Анитта нар өөрсдийн хит дуунуудаар цэнгэлдэхийг доргиосон юм. Тэднээс гадна Нигерийн дуучин Рема, Өмнөд Африкийн авьяаслаг уран бүтээлч Тайла, рэппэр Фьючер болон кантри хөгжмийн хамтлаг Дан + Шэй нар үзүүлбэрээ үзүүлж, нээлтийн үйл ажиллагааг улам өнгөлөг болгов.

Хөгжмийн тоглолтын дараа талбайд үндсэн үйл явдал болох АНУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ баг болон Парагвайн багуудын тоглолт эхэлсэн юм. Тэмцээний салхийг хагалсан энэхүү тоглолтод АНУ-ын баг өрсөлдөгчөө буулган авч, нутгийн дэвжээн дээрээ ялалт байгуулснаар хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа.

Энэ удаагийн ДАШТ-ийн нээлт нь зөвхөн спортын төдийгүй дэлхийн хэмжээний томоохон соёлын арга хэмжээ болсныг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Хөгжмийн ертөнцийн одод болон хөлбөмбөгийн талбайн эрчим хүч нэгдсэн нь 2026 оны ДАШТ-ийг эхнээс нь өндөр хүлээлттэй болгож байна.