60 дахь удаагийн CMA Awards наадмын нэр дэвшигчдийг есдүгээр сарын 10-ны Пүрэв гарагт албан ёсоор зарлах гэж байна. Энэ жилийн хувьд дуучин Элла Лэнгли (Ella Langley) хэдэн төрөлд нэр дэвших нь гол анхаарал татаж буй асуудлуудын нэг болоод байгааг Billboard онцолжээ.
Элла Лэнгли өнгөрсөн жил Меган Морони болон Лейни Уилсон нарын хамт тус бүр зургаан төрөлд нэр дэвшиж байсан бол энэ жил хамгийн олон төрөлд ганцаараа тэргүүлэн нэр дэвших магадлалтай байна. Түүнчлэн тэрбээр “Оны шилдэг энтертейнер” (Entertainer of the Year) төрөлд анх удаа нэр дэвших боломжтой байгаа аж. Хэрэв Лэнгли болон тус шагналын эзэн Лейни Уилсон нар хоёулаа нэр дэвшвэл энэ нь 2023 онд Уилсон, Кэрри Андервуд нар зэрэг дэвшсэнээс хойш хоёр эмэгтэй уран бүтээлч нэгэн зэрэг өрсөлдсөн анхны тохиолдол болно. Мөн Лэнгли, Уилсон, Морони нар гурвуулаа дэвшвэл наадмын 60 жилийн түүхэнд анх удаа гурван эмэгтэй гоцлол дуучин уг дээд шагналд өрсөлдсөн түүхэн үйл явдал болох боломжтой.
Энэ жилийн нэр дэвших эрхийн хугацаа 2025 оны долоодугаар сарын 1-нээс 2026 оны зургаадугаар сарын 30-ныг хамарч байгаа юм. Голлох номинацуудыг “Good Morning America” нэвтрүүлгээр Лара Спенсер зарлах бол бүтэн жагсаалтыг Ли Энн Вомак болон American Idol шоуны 24 дэх улирлын ялагч Ханна Харпер нар CMA-ийн YouTube сувгаар шууд дамжуулан хүргэнэ.
60 дахь удаагийн CMA Awards наадам 11 дүгээр сарын 18-нд ABC сувгаар гарах бөгөөд Disney компанитай байгуулсан зургаан жилийн гэрээний хүрээнд анх удаа Disney+ тавцангаар шууд дамжуулагдах гэж байна.