Кантри хөгжмийн салбарын хамгийн том арга хэмжээнүүдийн нэг болох CMA Awards наадам Лхагва гаргийн үдэш (11-р сарын 18) зохион байгуулагдлаа. Энэхүү үдшийн гол эзнээр дуучин Элла Лэнгли тодорч, карьерынхаа анхны "Оны шилдэг энтертейнер" (Entertainer of the Year) шагналыг хүртсэн байна.

Тэрбээр өөрийн амжилт дагуулсан "Choosin’ Texas" дуу, "Dandelion" цомог болон бие даасан аялан тоглолтынхоо хүчээр ийнхүү өндөр амжилт гаргажээ. Лэнгли мөн "Оны шилдэг эмэгтэй хоолой", "Choosin’ Texas" бүтээлээрээ оны шилдэг сингл, дуу болон клипийн шагнал, түүнчлэн "Dandelion" бүтээлээрээ "Оны шилдэг цомог" шагналыг тус тус түүсэн байна. Тэрбээр шагнал авах үеэрээ бага байхаасаа л энэхүү наадмыг үзэж өссөн бөгөөд сонсож буй дуу бүрээ үзэгчдийн өмнө хэрхэн эгшиглэхийг үргэлж төсөөлдөг байснаа хуваалцжээ.

Наадмын бусад ялагчдаар Крис Стэплтон, Стивен Уилсон Жр., Brooks & Dunn, The Red Clay Strays хамтлаг болон HARDY, Морган Уоллен, Эрик Чёрч, Тим Макгро нарын хамтарсан "McArthur" дуу тодорлоо.

Тейлор Свифтийн эргэн ирэлт ба онцлох үзүүлбэрүүд

Энэ удаагийн наадмыг гурав дахь удаагаа хөтөлсөн Лэйни Уилсон шоуг нээж, талийгаач кантри хөгжмийн домог Долли Партоны дурсгалыг хүндэтгэсэн юм. Уилсоны хамтаар Люк Брайан, Брэд Пейсли нар хөтлөгчөөр ажилласан байна.

Үдшийн хамгийн онцлох агшнуудын нэг нь дуучин Тейлор Свифт 13 жилийн дараа анх удаа CMA Awards-ын тайзнаа үзүүлбэрээ толилуулсан явдал байв. Түүнчлэн Элла Лэнгли тайзнаа хоёр ч удаа үзүүлбэр үзүүлсний нэг нь Миранда Ламберттай хамтарсан үзүүлбэр байлаа. Мөн Стивен Уилсон Жр. Крис Стэплтонтой нэгдэж, Зак Топ дуучин Диркс Бентлиг тайзнаа урин Жон Андерсонд хүндэтгэл үзүүлжээ.