Австралийн дуу бичлэгийн салбарын 40 дэх удаагийн ARIA Awards наадам Сидней хотын “Hordern Pavilion”-д болж өнгөрлөө. Энэ үдшийн гол ялагчаар хөгжимчин Кевин Паркерын psychedelic pop төсөл болох Tame Impala тодорсон байна.

Тус төслийн тав дахь студийн цомог болох “Deadbeat” нь оны шилдэг цомгоор шалгарсан бол “Dracula” бүтээл нь шилдэг гоцлол уран бүтээлч болон оны шилдэг дууны шагналыг авчирчээ. Түүнчлэн Tame Impala төсөл нь Spotify-аас олгодог “Global Impact Award”-ын хоёр дахь эзнээр тодорсон юм. Энэхүү төрөл нь 2025 онд бий болсон бөгөөд ARIA-ийн Алдрын танхимтай эн зэрэгцэх түвшний шагналд тооцогддог байна.

Энэ жилийн наадмын үеэр Алдрын танхимд шинээр уран бүтээлчдийг нэмж бүртгээгүй бөгөөд уг арга хэмжээ зургаадугаар сард тусдаа болж өнгөрсөн аж. Тухайн үед Алдрын танхимд багтсан зургаан уран бүтээлчийн нэг болох алдарт рок гурвал Spiderbait наадмыг хааж уран бүтээлүүдээсээ толилуулсан байна.

Наадмын нээлтийг дуучин Даррен Хэйс хийж, Savage Garden хамтлагийн “Affirmation” дууг дуулсан бөгөөд энэ үдшийн бас нэгэн онцлох гэнэтийн бэлэг болжээ. Түүнчлэн арга хэмжээний үеэр Экка Вандал онцгойрон тодорсон бол хиймэл оюун ухааны асуудал уран бүтээлчдийн ярианы гол сэдэв байлаа.