Латин Грэммийн дөрвөн гол төрлийн нэг болох "Шилдэг шинэ уран бүтээлч" (Best New Artist) төрөлд 2026 онд өрсөлдөх уран бүтээлчдийн нэрс тодорлоо. Энэхүү номинаци нь тухайн жилийн шилдэг цомог, бичлэг, дууны төрлүүдтэй зэрэгцэн, хөгжмийн ертөнцөд шинэ дуу хоолой, өвөрмөц өнгө аясыг авчирч буй шинэ залуу уран бүтээлчдийг онцолдгоороо онцлогтой юм.
Энэхүү шагналыг өмнө нь 2001 онд Juanes, 2006 онд Calle 13, 2018 онд Karol G зэрэг уран бүтээлчид дэлхийн хэмжээний том одод болохоосоо өмнө хүртэж байжээ. Энэ нь тус шагналыг хөгжмийн салбарт өөрчлөлт авчрах дараагийн үеийн төлөөллийг эрт таних боломж гэж хардгийн илрэл юм.
Латин бичлэгийн академи 2026 онд нийт 11 уран бүтээлчийг нэр дэвшүүлсэн байна. Тэдний дунд Мексикийн инди фолк, Колумбын эргийн хэмнэл, Бразилын R&B, дрийм-поп болон сингер-сонгwriter чиглэлээр уран бүтээлээ туурвидаг олон төрлийн төлөөлөл багтжээ.
Нэр дэвшигчдийн дунд өөрийн үндэсний хэв маягийг шингээсэн дуунуудаараа цахим орчинд танигдсан Macario Martínez, зөөлөн поп аястай maye, зохиогчийн өвөрмөц ур чадвартай Arath Herce, Карибын өнгө төрхийг шингээсэн поп дуучин ARIA VEGA, түүнчлэн Delilah зэрэг уран бүтээлчид багтсан байна. Мөн Бразилаас гурван уран бүтээлч нэр дэвшсэний дотор босса нова болон тропикалия урсгалын нэрт төлөөлөгчид болох Жоао Жилберто, Каэтано Велосо нарын хүүхдүүд болох Loulu Gilberto, Zeca Veloso нар бие даасан бүтээлээрээ өрсөлдөж байна.