Хөлбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Мексик улсад эхлэх гэж байгаа билээ. Тэгвэл тус тэмцээний нээлтийн ажиллагаанд дэлхийн хөгжмийн ертөнцийн томчууд оролцохоор болсон нь олон нийтийн анхаарлыг татаж байна.
Billboard сэтгүүлийн мэдээлснээр, Мексикийн Мехико хотын "Estadio Ciudad de México" цэнгэлдэх хүрээлэнд болох нээлтийн ёслолын гол хүндэт зочноор Колумбын алдарт дуучин Шакира болон Нигерийн нөлөө бүхий уран бүтээлч Burna Boy нар оролцох аж. Тэд энэхүү том тайзан дээр "Dai Dai" хэмээх шинэ уран бүтээлээ анх удаа олны хүртээл болгохоор төлөвлөжээ.
Шакира нь хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэн дэх хамгийн алдартай дуунуудын нэг болох "Waka Waka"-г дуулж байсан туршлагатай бол, Burna Boy нь Африк тивийн хөгжмийн соёлыг дэлхий дахинд түгээгч томоохон уран бүтээлч гэдгээрээ танигдсан юм.
Тэднээс гадна нээлтийн тоглолтод Мексикийн домогт дуучин Алехандро Фернандес, алдартай "Maná" хамтлаг болон Жей Балвин зэрэг латин америкийн хөгжмийн ертөнцийн шилдгүүд оролцож, үзэгчдэд гайхалтай шоуг бэлэглэхээр зэхэж байна. Энэхүү нээлтийн ажиллагаа нь зөвхөн хөлбөмбөгийн баяраар зогсохгүй, дэлхийн соёлуудыг нэгтгэсэн томоохон хөгжмийн фестиваль болох нь тодорхой байна.