Хөгжмийн салбарын нөлөө бүхий эмэгтэйчүүдийг алдаршуулдаг “She Rocks Awards” наадмын 15 жилийн ойн ёслол 2027 оны нэгдүгээр сарын 30-ны бямба гарагт Калифорни мужийн Анахайм хотод, NAMM шоуны үеэр болох гэж байна.
Энэхүү 2027 оны арга хэмжээний эхний алдаршуулах эрхмүүдийн нэрс тодорчээ. Үүнд, 1996 оны алдарт “One of Us” дуугаараа танигдсан, Грэммийн шагналд долоон удаа нэр дэвшиж байсан дуучин Жоан Осборн, Грэммийн шагналт дуучин, ая зохиогч Мелисса Манчестер, Бразилын гитарчин бөгөөд продюсер Лари Басилио нар багтжээ.
Мөн “The Smashing Pumpkins” хамтлагийн аялан тоглолтын гитарчин Кики Вонг, дуу хоолойн дасгалжуулагч бөгөөд уран бүтээлч хөгжүүлэлтийн стратегич Венди Парр, түүнчлэн дуучин, ая зохиогч бөгөөд Sweet Relief Musicians Fund-ийн анхны уран бүтээлчдийн нэг (founding artist) Виктория Уильямс нарыг ёслолын үеэр алдаршуулах юм.
Шоуг шинээр гарч ирж буй кантри уран бүтээлч Сача нээх бөгөөд Грэммид хоёр удаа нэр дэвшиж байсан гитарчин, дуучин Саманта Фиш хамтран хөтлөгчөөр эргэн ажиллахаар болжээ.
“Women’s International Music Network”-ийг үүсгэн байгуулагч, тус наадмын хамтран продюсер Лаура Б.Уитмор хэлэхдээ, тус шагнал гардуулах ёслол нь авьяас, манлайлал, шинийг санаачлагч чанараараа хөгжмийн ертөнцийг өөрчилсөн гайхалтай эмэгтэйчүүдийг 15 жилийн турш алдаршуулж буйг онцолсон байна. Анх 2012 оноос эхэлсэн энэхүү ёслол нь одоогийн байдлаар салбарын 170 гаруй нэр хүндтэй эмэгтэй уран бүтээлч, мэргэжилтнүүдийг алдаршуулаад байгаа ажээ.