Реппер 50 Cent саяхан оролцсон нэвтрүүлгийнхээ үеэр “Street Fighter” видео тоглоомоос сэдэвлэсэн шинэ киноны дууг Eminem болон домогт реппер 2Pac-тай хамтран бүтээснээ зарлалаа. Энэхүү сонирхолтой хамтарсан уран бүтээл нь тус киноны сүлд дуу болох юм.
Нэвтрүүлгийн хөтлөгчид 2Pac-ийн хоолойг хиймэл оюун ухаан (AI) ашиглан бүтээсэн эсэхийг сонирхоход 50 Cent үүнийг эрс үгүйсгэв. Тэрээр: “Энэ бол хиймэл оюун ухаан биш. Бид талийгаачийн гэр бүл болон өвийг нь хариуцдаг байгууллагатай хамтран ажилласан” гэж тайлбарлажээ. 2Pac-ийн гэр бүлийнхэн уг дууг маш их таашаасан бөгөөд удахгүй сонсогчдын хүртээл болох ажээ.
50 Cent нь тус кинонд боксчин Balrog-ийн дүрийг бүтээх юм. Киноны найруулагчаар Kitao Sakurai ажиллаж байгаа бөгөөд уг бүтээлд Andrew Koji, Noah Centineo, Callina Liang зэрэг жүжигчид тоглож байна. Киноны үйл явдал 1993 онд өрнөх бөгөөд Ryu болон Ken Masters нар Chun-Li-гийн удирдлага дор “World Warrior” тэмцээнд оролцохоор бэлтгэж буй тухай өгүүлнэ.
Одоогоор уг дууны нэр болон албан ёсны худалдаанд гарах тов тодорхой болоогүй байна. 50 Cent болон Eminem нар 2002 оноос хойш олон уран бүтээл дээр хамтран ажиллаж ирсэн түүхтэй юм.