Реппер 50 Cent саяхан "Today With Jenna and Sheinelle" нэвтрүүлэгт оролцох үеэрээ хөгжмийн ертөнцийг доргиох мэдээг дуулгалаа. Тэрээр өөрийн дотнын найз Eminem болон домогт реппер 2Pac нартай хамтран "Street Fighter" киноны дууг бүтээсэн гэдгээ зарласан байна.
50 Cent-ийн хэлснээр, тус дуунд ашиглагдсан 2Pac-ийн хоолой нь хиймэл оюун ухаан (AI) бус, харин талийгаачийн гэр бүлийнхэн болон өвийг нь хариуцагчдаас зөвшөөрөл авч, жинхэнэ хоолойг нь ашигласан аж. "Тэд дууг хүргэж өгсөн. Бид үүнийг киноны сэдэвтэй уялдуулан маш сайн ажиллаж гаргаж авсан" хэмээн тэрээр онцолжээ.
Энэхүү хүлээлт үүсгээд буй хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдын хүртээл болох юм. 50 Cent өмнө нь өөрийн Instagram хуудсаараа дамжуулан "Street Fighter" кинонд Eminem-ийг оролцуулах төлөвлөгөөтэй байгаагаа хуваалцаж байсан ч 2Pac-ийн талаар дурдаагүй байсан юм.
АНУ-д 10-р сарын 16-нд нээлтээ хийх "Street Fighter" киноны шинэчилсэн хувилбарт 50 Cent өөрөө Balrog-ийн дүрд тоглох бөгөөд киноны бүрэлдэхүүнд Jason Momoa, Noah Centineo, Orville Peck болон WWE-ийн од Roman Reigns нар багтжээ. 50 Cent болон Eminem нар өмнө нь 2000-аад оноос хойш олон арван дуун дээр хамтран ажиллаж байсан туршлагатай бөгөөд хамгийн сүүлд 2024 оны 12-р сард Dr. Dre, Snoop Dogg нарын цомогт багтсан "Gunz N Smoke" дуун дээр хүч үзсэн билээ.