Америкийн хип хоп ертөнцийн нэр хүндтэй төлөөлөгчдийн нэг, Атланта хотоос гаралтай 6LACK шинэ уран бүтээлээ фэнүүддээ хүргэлээ. Түүний “Sunday Again” хэмээх шинэ синглд алдарт рэппер 2 Chainz хамтран дуулсан бөгөөд уг дуу Billboard-ын чартад хэр амжилт үзүүлэх нь одооноос анхаарал татаж байна.

6LACK (жинхэнэ нэр нь Рикардо Валдез Валентайн Жуниор) нь өөрийн гэсэн өвөрмөц стильтэй, сэтгэл хөдөлгөсөн үгтэй дуунуудаараа залуу сонсогчдын дунд маш их алдартай. Тэрээр өмнө нь “PRBLMS”, “Ex Calling”, “OTW” зэрэг хит дуугаараа олонд танигдсан билээ. Харин 2 Chainz (жинхэнэ нэр нь Таухид Эппс) нь мөн л Атланта хотоос гаралтай бөгөөд олон жилийн турш хип хоп хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг эзэлсээр ирсэн чадварлаг рэппер юм. Түүний хит дуунуудаас “No Lie”, “Birthday Song”, “I’m Different” зэргийг дурдаж болно.

“Sunday Again” дуу нь зөвхөн 6LACK, 2 Chainz нарын хамтын бүтээл биш бөгөөд Serayah, Jordan Ward, Dos Dias зэрэг уран бүтээлчид ч мөн адил дууны арын хэсэгт дуу оруулсан байна. Дууны хэмнэл болон үг нь тун ч сонирхолтой болсон гэдгийг сонсогчид онцолж байгаа бөгөөд ирэх долоо хоногийн Billboard-ын чартыг хэрхэн шуугиулахыг харах л үлдлээ.