Америкийн дуучин, жүжигчин, The Pretty Reckless хамтлагийн гоцлол дуучин Тэйлор Момсен АС/DC хамтлагтай хамтран хийж буй аялан тоглолтын үеэр хортой аалзанд хазуулсан тухайгаа өөрийн цахим хуудсандаа мэдээлжээ.
Тэрбээр өмнө нь АС/DC хамтлагтай хамтран ажиллаж байхдаа сарьсан багваахайд хазуулж байсан бөгөөд энэ удаагийн тохиолдол нь түүний хувьд хоёр дахь удаагаа тоглолтын үеэр амьтанд хазуулж буй явдал болж байна. Момсен цахим хуудсандаа “Хэзээ миний супер хүч идэвхжих вэ?” хэмээн хошигносон байна.
Түүний энэ мэдээлэл цахим орчинд хурдацтай тархаж, шүтэн бишрэгчдийнх нь санааг зовоож байгаа бөгөөд Момсенд хурдан эдгэрэхийг хүсч, түүний эрүүл мэндийг дэмжиж буйгаа илэрхийлсээр байна. Pretty Reckless хамтлаг нь 2009 онд байгуулагдсан бөгөөд альтернатив рок, хард рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг. Тэд “Make Me Wanna Die”, “Heaven Knows” зэрэг хит дуугаараа олонд танигдсан юм.