АНУ-д амиа хорлохоос сэргийлэх зорилгоор 2022 онд ашиглалтад орсон 988 дугаарын утасны шугам нь залуучуудын дунд амиа хорлох тохиолдол буурахад эерэгээр нөлөөлсөн гэсэн мэдээлэл гарчээ. NPR Health агентлагийн мэдээлснээр, уг утасны шугам нээгдсэнээс хойш хоёр жилийн дотор өсвөр насныхан болон залуу насанд хүрэгчдийн дунд амиа хорлох үзэгдэл мэдэгдэхүйц буурсан байна.

Энэ нь сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хялбарчилж, хүн бүрд хүртээмжтэй болгосноор амиа хорлолтоос урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтойг харуулж байна. 988 дугаарын шугам нь сэтгэл зүйн хямралд орсон хүмүүст мэргэжлийн зөвлөгөө өгч, тэдэнд тусламж үзүүлэх боломжийг олгодог.

Монгол улсад сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, ялангуяа залуучуудын дунд амиа хорлох үзэгдэл сүүлийн жилүүдэд анхаарал татаж байгаа билээ. Иймд АНУ-ын туршлагаас суралцаж, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх нь чухал юм.

Сэтгэл зүйн хямралд орсон хэн бүхэн 1800-2000 утсаар холбогдож сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг авах боломжтой гэдгийг сануулья.