Америкийн реппер, продюсер, загвар зохион бүтээгч Канье Уэст (Ye нэрээрээ олонд танигдсан) сүүлийн үед хэлсэн үг, үйлдлээрээ олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Түүний “WLM” (White Lives Matter – Цагаан арьстнуудын амьдрал чухал) гэсэн бичигтэй цамц өмссөн нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн юм. Уг цамц нь “Black Lives Matter” хөдөлгөөнийг үгүйсгэсэн утгатай гэж үзэж байгаа билээ.
Үүнээс гадна түүний еврейчүүдийг үзэн ядсан утгатай мэдэгдлүүд нь бүр ч их шүүмжлэл дагуулсан. Тэрээр олон нийтийн сүлжээгээр дамжуулан янз бүрийн үзэн ядсан үг хэллэг хэрэглэсний улмаас түүнийг Twitter болон Instagram хуудаснаас хассан.
Эдгээр дуулиант мэдэгдлүүдийн улмаас Adidas, Gap зэрэг томоохон компаниуд Канье Уэсттэй хамтын ажиллагаагаа зогсоосон. Adidas-ийн хувьд Yeezy брэндийн хамтын ажиллагааг зогсоосноор маш том хэмжээний орлогоо алдахад хүргэсэн ч олон нийтийн шүүмжлэлээс зайлсхийхийн тулд ийм шийдвэр гаргасан байна.
Канье Уэстийн хувьд энэ бүхэн нь түүний нэр хүндэд маш том цохилт болж байгаа бөгөөд ирээдүйд түүний карьер хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байна. Залуу үеийнхэн бидний хувьд олны танил хүмүүс үг хэл, үйлдлээрээ нийгэмд хэрхэн нөлөөлж болохыг анхаарах нь чухал юм.