Төвлөрсөн бус санхүүгийн (DeFi) тэргүүлэгч төслүүдийн нэг Aave Labs-ийн хөгжүүлсэн хадгаламжийн Aave App өмнө нь iOS дээр гарсан бол одоо Android системд өргөжин нэвтэрч байна. Үүний зэрэгцээ тус апп TRON сүлжээний USDT (TRC-20) байршуулалтыг дэмжиж эхэлснийг TRON DAO албан ёсоор зарлалаа.

Энэхүү шинэчлэлийн ачаар дэмжигдсэн бүс нутгийн шаардлага хангасан хэрэглэгчид TRON сүлжээ дээрх USDT-ээ Aave апп-д байршуулан хадгаламжийн өгөөж хүртэх боломж бүрдэж байна. Энэ нь уламжлалт хадгаламжийн аппуудад байдаггүй ончэйн (onchain) санхүүгийн боломжийг гар утсаараа дамжуулан авах нөхцөлийг бүрдүүлж буй юм.

Дэлхийн хэмжээний хэрэглээ ба боломж

Android системийн өргөн тархалт болон TRON сүлжээний тогтвортой койн (stablecoin) дэд бүтэц нийлснээр хэрэглэгчдэд томоохон боломж олгож байна. Одоогийн байдлаар TRON сүлжээнд 94 тэрбум гаруй ам.долларын USDT эргэлтэд байгаа нь блокчэйн сүлжээнүүд дундаа хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ нь төлбөр тооцоо, хил дамнасан шилжүүлэг болон хадгаламжийн үйлчилгээнд өргөн ашиглагддаг.

Aave апп нь энгийн загвартай, дэлхийн хэмжээнд хүртээмжтэй "Дэлхийн хадгаламжийн апп" (World’s Savings App) болох зорилготой аж. Хэрэглэгчид өөрсдийн хадгаламжаас өгөөж хүртэх, хөрөнгөө уян хатан удирдах, Balance Protection хөтөлбөрийн үр шимийг хүртэхээс гадна ирээдүйн өсөлтөө тооцоолох боломжтой. Мөн дэмжигдсэн улс орнуудад тогтвортой койн болон банкаар дамжуулан орлого, зарлага хийх боломжийг олгодог байна.

Үүсгэн байгуулагчдын байр суурь

TRON-ийг үүсгэн байгуулагч Жастин Сан (Justin Sun) "Aave Labs нь DeFi чиглэлээр тэргүүлэгч бүтээгдэхүүн бүтээсэн туршлагатай ба TRON-ийн дэмжлэгтэйгээр илүү олон хүн өөрт байгаа USDT-ээ энгийн, хүртээмжтэй хадгаламжид ашиглах боломжтой боллоо" гэдгийг онцолсон байна.

Мөн Aave Labs-ийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Стани Кулечов (Stani Kulechov) шинээр хөгжиж буй орнуудын сая сая хүмүүс TRON дээрх тогтвортой койныг ашиглан мөнгө хадгалж, шилжүүлдэг болохыг дурдаад, уг апп нь тэдгээр ам.доллароос өгөөж хүртэх боломжийг олгож буйг онцолжээ.