ABBA Voyage хэмээх ABBA хамтлагийн виртуал тоглолт нь дэлхий дахины үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Өнгөрсөн онд Лондон хотноо нээлтээ хийсэн энэхүү тоглолт нь тус хамтлагийн гишүүдийн аватар дүрсүүдийг ашиглан, тэдний алдартай дуунуудыг толилуулдаг билээ.

Тоглолт нь ABBA хамтлагийн шүтэн бишрэгчдэд хуучны дурсамжийг сэргээх, шинэ залуу үед тус хамтлагийг нээх боломжийг олгож байгаагаараа онцлог юм. ABBA Voyage-ийн зохион байгуулагчид уг тоглолтыг дөрвөн сая хүн үзсэнд баяртай байгаагаа илэрхийлж, хамтлагийн хөгжимд дуртай хүмүүст талархсанаа мэдэгджээ.

ABBA (ЭББА гэж дууддаг) бол 1970-аад оны үед дэлхий дахинд алдаршсан Шведийн поп хамтлаг юм. Тэд “Dancing Queen”, “Mamma Mia”, “Waterloo” зэрэг олон арван хит дууг бүтээсэн бөгөөд эдгээр дуунууд нь өнөөг хүртэл залуусын зүрх сэтгэлд хоногшсоор байна. ABBA хамтлаг нь дэлхий дахинд 400 сая гаруй цомог борлуулсан бөгөөд поп хөгжмийн түүхэн дэх хамгийн амжилттай хамтлагуудын нэг юм.

ABBA Voyage нь зөвхөн тоглолт гэлтгүй, технологийн дэвшил, хөгжмийн урлаг хоёрын гайхалтай хослол болж чадсан гэж хөгжим судлаачид дүгнэж байна. Цаашид ийм төрлийн виртуал тоглолтууд улам бүр дэлгэрэх хандлагатай байгааг тэд онцолж байна.