Австралийн домогт рок хамтлаг AC/DC өөрсдийн “Power Up” аялан тоглолтын сүүлийн өдөр тайзан дээр онцгой зочин урьж үзэгчдэд гэнэтийн бэлэг барилаа. АНУ-ын Нью-Жерси мужийн MetLife Stadium цэнгэлдэхэд Баасан гарагт (10-р сарын 2) болсон тус тоглолтын үеэр рок хамтлаг Foo Fighters-ийн ахлагч Дэйв Гролыг урин алдарт “Highway to Hell” дуугаа хамтдаа дуулсан байна.
AC/DC хамтлагийн гоцлол дуучин Брайан Жонсон түүнийг тэврэн үзэгчдэд хандаж, “Бидний маш сайн найз өнөөдөр бидэнтэй хамт 'Highway to Hell' дууг тайзан дээр дуулж болох уу гэж асуусан. Бид харин ‘Тийм ээ Дэйв, чи чадна’ гэж хэлсэн. Тэр бол Дэвид Грол!” хэмээн зарлажээ.
Уг тоглолт нь анх 9-р сарын 25-нд болохоор товлогдсон байсан ч цаг агаарын шуурганы улмаас цуцлагдаж, 10-р сарын 2-ны өдөр болгон хойшилсон юм. Ингэснээр тоглолтын нээлтийг Foo Fighters хамтлаг гэнэт хийхээр зарлагджээ.
Нээлтийн үеэр Дэйв Грол AC/DC хамтлаг түүний амьдралд хэр чухал байр суурь эзэлснийг тайлбарласан юм. Тэрбээр 11 настайдаа тэдний “Let There Be Rock” киног үзээд рок хөгжим гэдэг хөлс, нулимс, бүх эрч хүчийг шаарддаг болохыг мэдэрч, насан туршдаа энэ зүйлийг хийнэ гэж шийдэж байснаа дурсаад, хүүхэд насныхаа мөрөөдлийг дахин биелүүлж байгаагаа хуваалцжээ.
Foo Fighters хамтлаг өмнө нь 9-р сарын 8-нд Сент-Луис хотод The Pretty Reckless хамтлагийн дуучин Тэйлор Момсентой холбоотой цагийн хуваарийн асуудлаас шалтгаалан AC/DC-гийн нээлтийг хийж байв. Энэ удаагийн MetLife дахь тоглолт нь AC/DC-гийн 2020 оны Billboard 200 жагсаалтыг тэргүүлсэн “Power Up” цомгийн хүрээн дэх аялан тоглолтын албан ёсны төгсгөл байлаа.