Billboard-оос арваннэгдүгээр сарын 11-нд танилцуулсан Billboard Japan Hot 100 жагсаалтыг Ae! Group хамтлагийн “Emotion” дуу тэргүүлж, нэгдүгээр байранд орлоо. Арваннэгдүгээр сарын 4-нд гарсан тус хамтлагийн тав дахь синглийн гол дуу болох энэхүү бүтээл нийт 496,736 хувь борлогдож борлуулалтаараа тэргүүлснээс гадна таталтаар хоёрдугаар байр, радио цацалтаар есдүгээр байрт жагсжээ.

Жагсаалтын хоёрдугаар байрт BE:FIRST хамтлагийн “NOW U KNOW” дуу орсон бөгөөд таталтын тоогоор (13,621 нэгж) болон видео үзэлтээр нэгт, радио цацалтаар хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байна. Гуравдугаар байрыг EBiDAN хамтлагийн “Yes! Tokyo” эзэлсэн бол дөрөвдүгээрт нийт 8,551,445 хандалтаар стриминг үзүүлэлтийг тэргүүлсэн Vaundy-ийн “Shiwaawase” дуу оржээ. Түүнчлэн Ayumu Imazu-ийн “Musubi” зургаагаас тавдугаар байр луу ахисан бол M!LK хамтлагийн “That’s! Chojo” зургаадугаарт, Mrs. GREEN APPLE хамтлагийн “Cinderella” долоодугаарт тус тус бичигдсэн байна.

Шилдэг аравт шинэ дуунууд ч олноор багтлаа. Тухайлбал, Rosy Chronicle-ийн “Datte Daikyo Jan” наймдугаарт, IS:SUE-ийн “New Look” есдүгээрт, TWS хамтлагийн “Call My Name” аравдугаар байрт шалгарчээ. Шилдэг 10-аас гадна HANA-ийн “Slidin” 22-оос 11 дүгээр байр руу хүчтэй өгссөн бол RIIZE хамтлагийн “Sunburst” CD борлуулалтаа бараг хоёр дахин нэмэгдүүлснээр 42-оос 16 дугаар байр луу үсрэлт хийсэн байна.

Түүнчлэн Кэнши Ёнэзүгийн алдарт “Lemon” дууны клип YouTube дээр нийт 1 тэрбум үзэлт давсны дараа тус бүтээл 10 сарын дараа анх удаа тус жагсаалтын 59 дүгээр байранд эргэн иржээ. Мөн улс орон даяар зул сарын зах, гэрлэн чимэглэлүүд ажиллаж эхэлсэнтэй холбоотой байж магадгүй хэмээн тэмдэглэсэн back number хамтлагийн “Christmas Song” уран бүтээл 10 орчим сарын дараа жагсаалтад эргэн орж ирсэн байна.