Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, Amazon компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос хиймэл оюун ухаан (AI)-ийн ирээдүйн талаарх олны дунд түгээмэл байгаа болгоомжлолыг эрс үгүйсгэв. Олон хүн AI-г ажлын байрыг үгүй хийх аюул гэж харж байгаа бол Безос үүнийг эсрэгээр нь, "ажиллах хүчний хомсдол" авчрах эерэг боломж гэж харж байна.

CNBC телевизэд өгсөн ярилцлагадаа тэрээр "Хүмүүс AI-ийн хөгжлөөс айж, ажлын байр алдагдана гэж санаа зовж байгааг би ойлгож байна. Гэхдээ миний үзэл бодол тэднээс тэс өөр. Минийхээр бол, хиймэл оюун ухаан нь эцсийн дүндээ ажиллах хүчний хомсдолд хүргэнэ. Хүмүүс улам ихээр хөдөлмөрлөх шаардлагатай болно" хэмээн онцолжээ.

Технологийн салбарын нөлөө бүхий энэхүү эрхмийн үзэж буйгаар, AI нь ажлыг орлох бус, харин хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, илүү их үр дүнд хүрэхийн тулд илүү их хүний нөөц, ур чадвар шаардах шинэ эрин үеийг авчрах аж. Тэрээр энэхүү өөдрөг үзэл нь хиймэл оюун ухааны хурдацтай хөгжил нь үйлчилгээ, үйлдвэрлэл болон бусад салбарт шинэ төрлийн ажлын байр, шинэ боломжуудыг бий болгоно гэсэн итгэл дээр суурилж байна.

Өнөөдөр дэлхий даяар мэргэжилтнүүд AI-ийн улмаас програм хангамж, зохиол бичих, дизайн зэрэг бүтээлч ажлууд устаж үгүй болох вий гэсэн айдастай байгаа билээ. Гэвч Безос шиг технологийн салбарын удирдагчид энэ өөрчлөлтийг хүн төрөлхтнийг илүү үр бүтээлтэй ажиллахад түлхэц өгөх хэрэгсэл гэж харж байна. Түүний хэлж буйгаар, технологи хөгжихийн хэрээр хүн төрөлхтний хийх ажил улам хялбарших бус, харин илүү өндөр түвшний бүтээлч сэтгэлгээ, хөдөлмөр шаардсан сорилтууд биднийг хүлээж байна.

Энэхүү мэдэгдэл нь хиймэл оюун ухааны ирээдүйн талаарх маргааныг улам бүр өрнүүлж байна. Нэг талд нь автоматжуулалт ажлын байрыг хумих болно гэсэн болгоомжлол байгаа бол, нөгөө талд Безос шиг технологийн аварга компаниудын удирдагчид хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэх болно гэсэн өөдрөг таамгийг дэвшүүлж байна.