Америкийн жүжигчин, телевизийн од Аманда Байнс хөгжмийн карьераа эхлүүлэхээр шийдсэн байна. Тэрээр EDM (Electronic Dance Music) болон рэп хөгжмийн төрлөөр уран бүтээлээ гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ сарын 10-нд “Girlfriend” нэртэй анхны синглээ цацахаар болжээ.
Аманда Байнс нь 2000-аад оны эхээр Nickelodeon телевизийн шоунуудад тоглож, олон нийтэд танигдсан. Тэрээр “What a Girl Wants”, “She's the Man”, “Hairspray” зэрэг кинонуудад тоглож, Холливудын залуу оддын нэг болж байсан юм. Гэвч сүүлийн жилүүдэд хувийн амьдрал, эрүүл мэндийн асуудлуудаас болж олны өмнө гарахаа больсон.
Түүний хөгжмийн ертөнцөд эргэн ирэх шийдвэр нь олон фэнүүдийг нь баярлуулж байгаа бөгөөд ямар төрлийн хөгжим гаргах нь маш сонирхолтой байгаа гэнэ. Амандагийн хөгжмийн карьер хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.