Арваннэгдүгээр сар эхэлснээр Black Friday-ийн эрт үеийн хямдралууд зарлагдаж эхэллээ. Үүний хүрээнд Amazon платформ дээр зөөврийн цэнэг хураагууруудын үнэ буурч эхэлсэн байна.

Тухайлбал, 11 дүгээр сарын 2-ны байдлаар Anker Solix C300 төхөөрөмж үндсэн 249.99 ам.долларын үнээсээ 24 хувиар хямдарч, 189.99 ам.доллар болжээ. Энэ нь 60 ам.долларын хөнгөлөлт юм.

Энэхүү төхөөрөмж нь 288Wh багтаамжтай, 300W чадлын гаралттай бөгөөд аялал, зугаалга болон цахилгаан тасарсан үед хэрэглэхэд тохиромжтой овор багатай шийдэл юм. Тус цэнэг хураагуур нь нийт долоон порттой: үүнд хоёр ширхэг 140W USB-C, нэг 100W USB-C, нэг 15W USB-C, хоёр USB-A порт болон 120W машины залгуур багтжээ.

Хос USB-C портоор цэнэглэхэд тус төхөөрөмжийг ойролцоогоор нэг цагийн дотор 80 хувь хүртэл цэнэглэх боломжтой. Мөн автомашинаар болон тусад нь худалдаалдаг 100W нарны зайн хавтангаар цэнэглэж болдог байна. Төхөөрөмж нь LiFePO4 төрлийн батарей, температурын ухаалаг хяналтын систем, доргилтод тэсвэртэй хийцтэй ба гурван жилийн баталгаатай ирдэг аж.