NASDAQ биржид ABTC нэрээр бүртгэлтэй, биткойн олборлолт болон нөөцлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг American Bitcoin компани 2026 оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Биткойны ханшийн уналтаас шалтгаалан тус компани тайлант хугацаанд 57.2 сая долларын алдагдал хүлээсэн байна. Өнгөрсөн оны мөн үед тус компани 3.4 сая долларын ашигтай ажиллаж байсан юм.

Санхүүгийн үзүүлэлт буурсан хэдий ч American Bitcoin компани өөрийн эзэмшлийн биткойны тоог 7,021-ээс 8,002 ширхэг болгон нэмэгдүүлсэн байна. Биткойн олборлолтын салбарт үйл ажиллагаа явуулдаг тус компанийн хувьд энэ нь түүхэн дэх хамгийн өндөр улирлын олборлолт болжээ. Тодруулбал, хоёрдугаар улиралд 932 биткойн олборлосон байна. Bitcoin Treasuries мэдээллийн санд дурдсанаар, American Bitcoin нь одоогоор дэлхийд 16-рт орох хамгийн том биткойны нөөцтэй компани болоод байна.

Компанийн хамтран үүсгэн байгуулагч бөгөөд Стратегийн ахлах ажилтан Эрик Трамп биткойны ирээдүйд итгэлтэй байгаагаа илэрхийлж, урт хугацаанд Америкийн тэргүүлэгч биткойны хүчирхэг төвийг байгуулах зорилготой байгаагаа мэдэгдэв. Гүйцэтгэх захирал Майк Хогийн хэлснээр, тус компани зах зээлийн хүндрэлтэй нөхцөл байдлын үед олборлолтын хүчин чадлаа нэмэгдүүлж, балансаа бэхжүүлэхэд анхаарлаа хандуулж байна.

Зарим биткойн олборлогч компаниуд үйл ажиллагаагаа хиймэл оюун ухааны салбарт чиглүүлж, эрчим хүчний хангамж нийлүүлэх замаар бизнесээ өргөжүүлж байгаа бол American Bitcoin компани одоогоор зөвхөн биткойн олборлох болон түүнийг нөөцлөх үндсэн чиглэлдээ төвлөрсөн хэвээр байна. Тайлан гарсны дараа Даваа гарагт Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааны ханш 5-аас дээш хувиар өссөн байна.